Жамцын Даваажавын нэрэмжит Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 8-нд эхэлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 05

Алдарт бөх, Монгол Улсын Гавьяат тамирчин Жамцын Даваажав агсны нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. 

Монголын чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны улирлын эхлэл болж, тухайн жилийн өнгийг тодорхойлох анхны томоохон тэмцээн болох Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны нэгдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Спортын төв ордонд зохион байгуулагдахад бэлэн болоод байна.

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1980 оны Москвагийн зуны XXII олимпын их наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, алдар суугаа мөнхөлсөн нэрт бөх Жамцын Даваажав агсны нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд түүний Монголын бөхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, спортын түүхэнд үлдээсэн гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхжүүлж байгаа юм.

Нэрт бөх Жамцын Даваажав нь 1952 оны зургаадугаар сарын 28-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн ба 2000 онд таалал төгссөн юм.

Тэрбээр 1980 оны Москвагийн олимпын наадмын 74 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Улсын начин цолтой.

Ж.Даваажав “Москва-80” олимпын наадамд зодоглохдоо эхний тойрогт Камеруны бөх Тоньег тэвэрч шидэх мэхээр цэвэр, дараагийн өрсөлдөгч Пакистаны Ц.Жумаг цэвэр, гуравдугаар тойрогт Румыны бөх, Европын хошой аварга З.Пыркэлабуг оноогоор, удаах барилдаанд Италийн Р.Николинийг цэвэр ялжээ.

Дараагийн тойрогт Олимп, дэлхийн аварга, ЗХУ-ын алдарт бөх Павел Пинигинтэй учраа таарч, 8 минут 40 секунд эн тэнцүү (2:2) өрсөлдсөн ба хоёр бөхийг идэвхгүй барилдлаа гэж үзэн, хоёуланг нь ялагдсанд тооцжээ.

Улмаар манай бөх ДАШТ-ий мөнгөн медальт, Чехословакийн Д.Карабентай өрсөлдсөн ба ялбал аваргын төлөө барилдах эрх авч, ялагдвал дэвжээг орхих байсан хүнд үед тэрбээр өрсөлдөгчөө 7:5-аар илүүрхэн, олимпын аваргын төлөө барилдах эрх өвөртөлсөн юм. Яг энэ мөчид буюу нөгөө дэвжээн дээр Болгарын тамирчин Валентин Райчев эзэн орны бөх П.Пинигинийг цэвэр ялж, шигшээд шалгарсан байсан ба ингэснээр Монголын Ж.Даваажав, Болгарын В.Райчев нар алтан медалийн төлөө өрсөлдсөн түүхтэй. 

Тухайн үеийн нэрт тамирчид, дасгалжуулагчид энэ барилдааны талаар "Москвагийн олимп эхлэхээс хоёр сарын өмнө ОХУ-д болсон тэмцээнд тэд учраа таарахад болгар эр ганц оноо алдалгүй, 7:0-ээр дийлсэн. Тэгэхэд В.Райчев Ж.Даваажавын баруун хөлөнд нь суун оноо түүсээр ялсан гэдэг ба манай бөх тэрхүү ялагдалдаа дүгнэлт хийн, баруун хөлөө урагш тавьж өрсөн нь өрсөлдөгчийг нь нэлээд тэвдүүлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч, гурван оноо авав. Гэтэл улам хошуучлах гэж дайрахдаа хоёр оноо алдсан. Ийнхүү ана мана барилдсаар 5:5 болов. Барилдаан дуусахад 13 секунд дутуу. Тэнцээгээр дуусахад л нийт барилдааны үр дүнгээс шалтгаалж Ж.Даваажав олимпын аварга болох байв. Гэтэл энэ өдөр тэр бус В.Райчевын од гийсэн юм. Манай тамирчны дутуу мэх бүхнийг баллах нь тэр. Болгар эр хариу мэх хийн, Ж.Даваажав төдийгүй Монгол Улсын атгаад байсан олимпын алтан медалиа хэдхэн секунд дутуу байхад алдсан. Жамцын Даваажав агсан угтаа бол 8 минут, 54 секундын турш олимпийн аварга цолыг эзэмшээд алдсан билээ. Хэрвээ тэр хэдхэн секунд тэссэн бол..." хэмээн дурсан ярьсан байдаг. 

Чөлөөт бөх
 

  • Зуны олимпын наадам - Мөнгөн медаль (1980)
  • УАШТ - 5 алт (1976, 1977, 1978, 1980, 1981), 1 мөнгө (1982)
  • Монголын бүх ард түмний спартакиад - Мөнгөн медаль (1979)
  • Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн - Алтан медаль (1975)
  • 1979, 1980, 1981 оны "Интернациональ" тэмцээний аварга
  • ДАШТ-д 4, 5-р байр эзэлсэн.


Үндэсний бөх
 

  • 1982 онд 5 давж, Улсын начин цол хүртсэн.
  • 1986 онд 5 давсан.
  • 1990 онд мөн 5 давж. шөвгөрсөн.


Чөлөөт бөхийн 2026 оны УАШТ-ий эхний өдөр буюу нэгдүгээр сарын 8-нд сонгомол бөхийн төрөлд олимпын зургаан жинд шилдэг тамирчид хүч сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулах бол нэгдүгээр сарын 9, 10, 11-ний өдрүүдэд чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд улсын шилдгүүд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Энэхүү тэмцээн нь зөвхөн улсын аваргуудыг тодруулах төдийгүй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн болон чөлөөт, сонгомол бөхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох өндөр ач холбогдолтой юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top