Мөсөнд авиралтын 2026 оны дэлхийн цуврал тэмцээн зохион байгуулагдана

З.Энхлэн | Zindaa.mn
23 цагийн өмнө

 

Олон улсын уулчдын холбоо UIAA-ны 2026 оны мөсөнд авиралтын дэлхийн цуврал тэмцээн энэ оны 1 дүгээр сарын 9-нд БНСУ-ын Чонсон хотоос эхэлнэ. 

2025-2026 оны улирлын UIAA мөсөнд авиралтын дэлхийн цомын нээлтийн тэмцээнд Канад, Чех, Франц, Их Британи, Герман, Хонконг, Хятад, Иран, Ирланд, Япон, Казахстан, Лихтенштейн, Монгол, Нидерланд, Польш, Испани, Швейцарь, АНУ зэрэг орны 120 орчим тамирчид өрсөлдөнө.

Зохион байгуулагч улс болох Өмнөд Солонгос нь 25 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох аж.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн:

Эрэгтэй тамирчид (6 квот)

1. Ч.Мандахбаяр (Хурд, Техник)

2. Н.Хэрлэн (Хурд)

3. О.Сайханжаргал (Хурд)

4. Д.Отгонхүү (Хурд, Техник)

5. Э.Дөлгөөн (Хурд)

6. А.Зоригтбаатар (Хурд)

Эмэгтэй тамирчид:

1. Н.Сэлэнгэ (Хурд, Техник)

2. Ж.Амина (Хурд)

 

Сүүлийн гурван удаагийн Чонгсонгын тэмцээнд хурдны төрөлд зургаан өөр тамирчин түрүүлсэн бөгөөд энэ удаад тэднээс тав нь дахин нэг хананд өрсөлдөхөөр ирцгээжээ.

Өмнө нь Чонгсонгт түрүүлж байсан Ираны Мохсен Бехешти Рад, өнгөрсөн жилийн ялагч Монголын Н.Хэрлэн, мөн сүүлийн хоёр жил дараалан Дэлхийн цуврал тэмцээний аваргаар тодорсон Ч.Мандахбаяр нар эрэгтэйчүүдийн төрөлд анхаарал татаж байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд Чонгсонгын хананд өмнө нь алтан медаль хүртэж байсан Ширли, Н.Сэлэнгэ нар энэ удаад ч анхаарлын төвд буй тамирчдын нэг хэвээр байна.

Тэдэнтэй хүчтэй өрсөлдөх тамирчдын тоонд Чехийн дэлхийн аварга Анета Лоужечка, өнгөрсөн улиралд хурдны төрлөөр хоёр удаа медаль хүртсэн Польшийн Ольга Косек, мөн Лихтенштейний Бекк эгч дүүс болох Лорена, Леа нар багтаж байгаа аж.

Өнгөрсөн жилийн Чонгсонг хотод болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд Монголын залуучуудын шигшээ багийн тамирчид А.Зоригтбаатар, Ж.Амина нар өөрсдийн насны ангиллаас дэвшин оролцож байсан туршлагатай. Харин энэ удаад тэд хувийн амжилтаа ахиулах, олон улсын түвшний өрсөлдөөнөөс илүү их туршлага хуримтлуулах зорилгоор дахин хүч сорьж байгаа бол Э.Дөлгөөн мөн бүрэлдэхүүнд нэмэгдэн оролцож байна. Тэд 2026 онд 18нас хүрч буй өсөх ирээдүйтэй залуу тамирчид бөгөөд энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч Д.Отгонхүүгийн хамтаар оролцож байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top