Дакар ралли | Э.Халиунболд Ралли-2 ангилалдаа долдугаарт эрэмбэлэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
23 цагийн өмнө

 

Автомашины олимп гэгдэх алдарт “Дакар ралли”-гийн марафон гараа өчигдөр эхэллээ. Дөрөв дэх дараа Аль-Ула хотоос хээрийн бивуак буюу түр хоноглох газар хүртэл 495 км замд үргэлжлэв. Үүнээс уралдааны цаг тооцох нь 417 км байлаа.

Тамирчдын жинхэнэ шандас, тэвчээр, тэсвэр хатуужил, ур чадварыг сорьсон гараанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 5 цаг 2 минут 11 секундэд барианд орсон бөгөөд нийлбэр дүнгээр 17, Ралли-2 ангилалдаа долдугаарт эрэмбэлэгджээ.

Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөнгийн хувьд 5 цаг 53 минут 13 секундэд замаа дуусгаж, барианд орсон байна. Тэрбээр дөрвөн гарааны дараа нийлбэр дүнгээр 35, Ралли-2 ангилалдаа 24 дүгээр жагсаж байгаа юм.

Мотоциклийн төрөлд өчигдөр Испанийн Тоша Счарейна түрүүлсэн бол Америкийн Рикки Брэйбек, Скайлер Ховес удаалсан байна. Тэд бүгд “Хонда” багийн тамирчин юм.

Марафон шатны хоёр дахь гараа өнөөдөр хээрийн баазаас Хайль хотын зүг 417 км замд үргэлжилнэ. Тус гарааны суурингийн замд 58 км, уралдааны цаг тооцох нь 356 км байх бөгөөд 58 хувь нь хатуу шороо, 35 хувь нь элсэрхэг, 7.0 хувь нь хад асгатай замаар уралдсанаар үндсэн баазад ирнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top