Жүжигчин Ча Ын Ү татвартай холбоотой асуудалд УУЧЛАЛТ гуйлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

ASTRO хамтлагийн гишүүн, жүжигчин Ча Ын Ү татварын зөрчилтэй холбоотой мэдээлэл гарсантай холбогдуулан олон нийтээс уучлал гуйлаа.

Өмнөд Солонгосын Үндэсний татварын алба түүнийг 20 тэрбум вонын нэмэлт орлогоосоо татвар төлөхөөс зайлсхийсэн хэмээн үзэж буй бөгөөд одоогоор цэргийн алба хааж байгаа Ча Ын Ү үүнтэй холбогдуулан уучлалт гуйжээ. 

Энэ тухай тэрээр "Холбогдох албанаас гаргасан эцсийн шийдвэрийг даруухнаар хүлээн зөвшөөрч, гарсан үр дүнд бүрэн хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгдэж, татварын бүх журмыг үнэнчээр дагаж мөрдөхөө амласан байна.

Түүнийг татвараас зайлсхийхийн тулд цэргийн албанд татагдсан гэх мэдээлэл мөн цацагдсан. Тэрээр үүнийг мөн үгүйсгэсэн бөгөөд "Миний цэрэгт татагдсан нь энэ маргаанаас зайлсхийхийн тулд санаатайгаар хийсэн үйлдэл биш. Өнгөрсөн жил би татвартай холбоотой мөрдөн байцаалтад оролцож байсан ч цэргийн албыг хойшлуулах боломжгүй болсон тул цэрэгт татагдсан" гэжээ. 

Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй жүжигчдийн нэгд тооцогддог түүнтэй холбоотой уг хэргээс үүдэн нээлтээ хийх гэж байсан Netflix-ийн шинэ бүтээл болох “The WONDERfools” киноны нээлтийн тов хойшлогджээ. Учир нь кино багийнхан олон нийтийн анхааралд байгаа уг хэрэг хэрхэн шийдэгдэхийг хүлээхийн сацуу жүжигчний нэр хүнд буурч байгаа нь киноны амжилтад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top