АЛДАРТНУУД | Хятадын нэрт жүжигчин, продюсер Лю Сяофэн Монголд зочилно

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 30


Хятадын кино урлагийн салбарын од, түүхэн болон тулаант сэдэвтэй бүтээлүүдээрээ алдаршсан жүжигчин, алдартай продюсер Лю СяоФэн ойрын өдрүүдэд Монголд зочлохоор болжээ.

Тиймээс түүнийг "Алдартнууд" буландаа онцолж байна. 

Хайнаны "Күньпэн" Кино, телевизийн соёлын компанийн ТУЗ-ын даргаар ажиллаж буй түүнийг "Үндэсний нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин" хэмээн үнэлдэг. Шэньяны Ляонин мужид 1971 оны нэгдүгээр сарын 16-нд төрсөн Лю СяоФэн Шанхайн Театрын академийг жүжигчний мэргэжлээр дүүргэжээ.
 

 

Түүнийг "Мянган төрхтэй" хэмээн хочилдог бөгөөд энэ нь олон төрлийн дүрд хүч сорьж, түүнийгээ ч амжилттай бүтээсэн болохыг гэрчилнэ. 

Царайлаг төрхөөрөө бага наснаасаа эхлэн олны анхаарлыг татах болсон Сяо Фэн ахлах сургуулиа төгссөний дараа их сургуульд элсэлгүйгээр Зочид буудлын ресторанд зөөгчөөр ажиллаж эхэлжээ. Дөрвөн жил тухайн газраа ажилласны дараахан сонин дээрээс Шанхайн Театрын академи элсэлт авч байгаа тухай мэдээлэл олж уншжээ. Амьдралаа өөрчлөхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөн нь амжилт олж, Шанхайн Театрын академид элссэн нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн гэдэг. 

 

 

Сурч байх хугацаандаа тайзны жүжиг, кино зэрэгт тоглох болж, ангийнхан дундаа хамгийн алдартай оюутнуудын нэг болж чаджээ. Түүний энэхүү туршлага нь сургуулиа төгссөний дараа улам чамбайрч, карьераа амжилттай ахиулахад томоохон хөшүүрэг болсноор анхны бүрэн хэмжээний кинондоо гол дүр бүтээсэн байна. 

1995 онд “Олон Улсын О’Ниллийн театрын наадам”-д тоглогдсон “Long Day's Journey into Night” жүжгийн гол дүрд тоглон, олны анхааралд өртсөн бөгөөд мөн ондоо анхны телевизийн бүтээл нь болох “Зы Еэ” (Midnight) олон ангит кино нь дэлгэцнээ гарч байв.

Үүнээс хойш Лю СяоФэн кино, телевизийн олон бүтээлд тогтмол оролцож, жүжигчний карьерын хувьд өндөр амжилтад хүрч эхэлсэн гэж болно. 

1999 онд “Хаврын гэгээ ба Жу Бажегийн домог” цувралын дүрээр өргөн хүрээний үзэгчдийн танил болж, 2000 онд “Ван Бөгийн үхэл” кинонд гол дүр бүтээсэн нь түүний уран бүтээлийн чухал үе шат болсон юм. Түүнчлэн домгийн сэдэвт “Цагаан могойн домог” цувралд Фахай ламын дүрийг бүтээсэн нь олон нийтэд гүн сэтгэгдэл үлдээжээ.

Үзэгчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс “Тагнуулын киноны гол дүрийн мэргэжилтэн”, “Олон төрлийн дүрд хувирч чаддаг жүжигчин” хэмээн үнэлэгддэг болсон тэрээр 2008 онд кино урлагийн наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртэж, 2010 онд Чанчунь хотын кино наадмын шүүгчээр ажилласан байна. 

Хувийн амьдралын хувьд тэрээр жүжигчин Жу Мөтэй гэрлэж, хоёр хүүтэй болжээ. Гэр бүлдээ илүү цаг зарцуулахын тулд уран бүтээлийн ажлаа тодорхой хэмжээнд багасгаж байсан талаар хэвлэлд дурдсан байдаг.
 

 

Сүүлийн жилүүдэд Лю Сяофэн зөвхөн жүжиглэхээс гадна продюсерын ажилд оролцож, “Улсын хүүхдүүд” зэрэг телевизийн бүтээлүүдийг продюсерлан гаргасан нь салбарын дотоодод өндөр үнэлгээ авчээ.

Өдгөө ч Лю СяоФэн Хятадын кино, телевизийн урлагт олон талын дүр бүтээсэн, туршлагатай, нэр хүндтэй жүжигчдийн нэгд тооцогдсон хэвээр байгаа. 

2000 оноос хойш нийт 40 гаруй олон ангит кино, 10 гаруй бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүр бүтээсэн Лю Сяо Фэний "The Death of Wangbo", "Penicillin 1944", "Who Is Undercover", "Qomolangma", "The Haunting 3" хэмээх драмууд нь олонд алдартай. Мөн "China 1921" кинонд Сунь Ят Сен, "Wo Jiao Zhang Si De" кинонд Мао Зэдун, "The First President" кинонд Ван Жин Вэй нарын түүхэн удирдагчдын дүрийг амжилттай бүтээсэн нь олны талархлыг хүлээсэн байдаг. 

 

 

Эх орончдын дүр болон, тагнуулч, тулаанчдын дүрийг тун ч чадварлаг бүтээдэг хэмээн үнэлэгддэг Лю СяоФэн Хятадын соёлын салбарт чухал байр суурь эзэлдэг. Жүжигчний карьераа үргэлжлүүлэхийн сацуу продюсероор ажиллаж, соёлын салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан нь түүний бас нэгэн томоохон амжилт юм.

БНХАУ-ын нэрт жүжигчин, 1-р зэрэглэлийн уран бүтээлч Лю СяоФэн 2025 онд:
 

  • "Wo Jiao Zhang Si De" – Мао Зэдуны дүр
     
  • "Youth in the Flames of War" – Дайны сэдэвтэй олон ангит кинонд туслах дүр
     
  • "The Haunting 3" киноны Ли Жуангийн дүр бүтээж,
     
  • "Qomolangma" – Уулын авиралтын тухай кинонд тогложээ. 

 

 

Лю СяоФэн нь Хятадын жүжигчдийн хамгийн өндөр зэрэглэл болох “Үндэсний нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин” цолыг хүртсэн уран бүтээлчдийн нэг бөгөөд энэ нь Хятадын Засгийн газраас олгодог хамгийн нэр хүндтэй шагнал, үнэлэмжид тооцогддог байна. 

 

Top