Үзүүртэй төмөр хашаа барьсан байгууллагад ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ нээжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд буга гэмтсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дараах албан ёсны мэдэгдлийг хийж байна.

Хууль, стандартын зөрчил: Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль-ийн - 11 дүгээр зүйлийн 11.1.1, - 11.1.4-т тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчиж, байгалийн хэв шинж, ан амьтанд хохирол учруулах аливаа үйл ажиллагааг хориглосон байдаг. Мөн Амьтны тухай хууль-ийн - 7 дугаар зүйлийн 7.1-д зэрлэг амьтдын амьдрах орчныг алдагдуулах, - 25 дугаар зүйлд амьтныг гэмтээсэн, устгасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан.

Гэвч эдгээр хуулийн заалтыг зөрчиж, тусгай хамгаалалттай газрын орчимд үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж, байгууллагаас стандартын бус, үзүүртэй төмөр хашаа барьж, албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас зэрлэг амьтан гэмтсэн нь байгаль орчинд бодит хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна.

Өмнөх шаардлага, хэрэгжилт: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын А/853 тоот албан даалгавар-ын дагуу Хамгаалалтын захиргаа стандартын бус хашааг буулгах, холбогдох стандартад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн боловч зарим аж ахуйн нэгж уг шаардлагыг биелүүлээгүй нь энэхүү ноцтой үр дагаварт хүргэсэн байна.

Стандартын шаардлага: “Зэрлэг амьтанд ээлтэй хашаа” стандарт UCS0304B:2025-д: үзүүртэй, хурц ирмэгтэй, зэрлэг амьтдын чөлөөтэй нэвтрэх боломжгүй, амьтанд гэмтэл учруулах эрсдэлтэй хашаа барихыг хатуу хориглосон байдаг. Дээрх зөрчилтэй холбогдуулан: Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн барьсан хашааг газар дээр нь буулгах, буга гэмтсэн (эндсэн) асуудлаар мал, амьтны эмчийн дүгнэлт гаргуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгалт явуулах ажлыг үргэлжлүүлж байна. 

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа цаашид: UCS0304B:2025 стандартыг заавал мөрдүүлэх, стандартад нийцээгүй хашаа барьсан аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан хариуцлага тооцуулах, шаардлага биелүүлээгүй байгууламжийг албадан буулгах, тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчсөн аливаа үйлдэлд тууштай, хатуу арга хэмжээ авах болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top