Аймгуудын баяр наадам үргэлжилсээр байна. Өнгөрөгч өдрүүдэд буюу долдугаар сарын 28-30-нд Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Ховд, Увс зэрэг аймгийн баяр наадам нартай, хуртай өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Увс аймгийн наадамд өнөө жилийн улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Улсын наадмын сүүлийн хоёр жилийн түрүү бөхчүүд үзүүр, түрүү булаалдсан юм. Улмаар Баруунтуруун сумын харьяат, улсын арслан Б.Ганбат түрүүлж, улсын отгон аварга С.Мөнхбат үзүүрлэсэн байна. Харин шөвгийн дөрөвт Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших, Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгс нар шалгарчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )