Дахиад л бөхчүүдтэй холбоотой хэрэг, гэмт хэргийн дуулиан хүмүүсийн сонорыг дэлслээ. Манайхны дөрвөн тэгш ой тохиосон их баяр цэнгэлийн бялуурал дуусаагүй байхад шүү дээ. Бөхчүүд Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнээс хөдөөг зорьж мөн л тэгш ойн баярынх нь барилдаанд хүч үзэж байгаа. Есдүгээр сар гараад тэд зодог шуудгаа тайлан хэсэг амсхийх байх. Тэгвэл барилдааныхаа завсар хоорондуур улсын начин цолтой нэгэн бөх хар тамхины хэрэгт холбогдсон гэнэ. Эрүүгийн цагдаагийн ажилтнууд яах аргагүй улсын начин цолтон хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан гэж хэлж байгаа боловч одоохондоо нэрийг нь нийтэд зарлах боломжгүй гэлээ. Цагдаа нар 10 орчим граммаар гялгар уутанд боосон мансууруулах бодисыг тээвэрлэж байсан гэж байна. Тэрхүү улсын начин бөх нь нийтдээ 43 боодол бүхий мансууруулах бодис болон герионыг Монголоор дамжуулан Зүүн өмнөд Азийн орнууд руу гаргах гэж оролдож яваад өчигдөр баригдсан байжээ. Манай урлаг соёлынхон, ялангуяа рок попынхноос хэд хэдэн хүн хар тамхины хэрэгт ял эдэлсэн. Зарим нь ч яахав, мөрдөн байцаагч, шүүгч нарыг аргалаад өнгөрсөн сураг дуулдаж л байсан. Энэ удаа харин улсын начин цолтой бөх ийм хэрэгт холбогдсоныг албан ёсоор хэлсэн атлаа нэрийг нууцалсан нь бас эргэлзээ төрүүлж байгаа юм. Гэхдээ удахгүй хэний хэн болохыг манай сэтгүүлчид зарлаад өгөх байлгүй дээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )