Архангай аймгийн Хашаат сумын уугуул, Монгол Улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол хүртлээ.
2010 оны Сар шинийн барилдааны үзүүр, түрүүнд Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаярыг Цэргийн арслан цолтойдоо даван түрүүлж, 2016 оны Улсын их баяр наадамд 1024 хүчтэн зодоглоход 10 даван түрүүлснээр Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба Гиннесийн Дээд амжилтад бүртгүүлэх 6002 бөх барилдааны түрүү бөх билээ.
Ч.Санжаадамба аварга Гавьяат тамирчин цол хүртсэнийхээ дараа "Анх 2001 онд бөх болох гэж хөдөөнөөс хотод орж ирж байлаа. Үндэсний бөхөөрөө 19 жил тууштай хичээллэсэн. 2020 он хүртэл барилдаж, бэлтгэл хийсэн байна. Энэ дунд олон сайхан амжилт гаргасан. Тэр дундаа Монгол бөхийг Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд түрүүлсэн амжилтыг минь үнэлж, Монгол Улсын Гавъяат тамирчин хэмээх эрхэм цолоор шагналаа. Төрүүлж өсгөсөн ижий, аавдаа баярлалаа. Бүрэн бүтэн сайхан хүү төрүүлж, Монгол Улсын аварга цолтой, Монгол Улсын Гавьяат тамирчин цолтой хүү төрүүлж өсгөсөн аав, ээж хоёртоо баярлалаа. Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын Ардын багш, Улсын заан З.Дүвчин багшдаа болон гэр бүлд нь баярлалаа. Бөхийн том айлд хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж өгсөн ачит багшдаа баярлалаа. Хажууд минь үргэлж түшиж байсан ханьдаа баярлалаа. Бөхдөө хайртай Монголынхоо ард түмэнд би маш их баярлаж явдаг. Олон түмнийхээ ерөөлөөр энэ сайхан өндөр цолонд хүрсэн гэж боддог. Маш их урам зориг, сэтгэлийн тэнхээг ард түмэн минь надад харамгүй өгч байсан. "Сайн барилдана, том цол авна, аварга болно" гэж итгэж ерөөж байсан Монголынхоо ард түмэнд баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.




Сэтгэгдэл ( 0 )