МҮОХ-ны 70 жилийн ойн өдөр тохиож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх эрхэм өдөр буюу Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ) байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна.

Олимпизмын үзэл санаа болох шударга өрсөлдөөн, эв нэгдэл, энх тайван, хүний хөгжлийг түгээн дэлгэрүүлэх ариун үйлсийг Монголын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүдийн хамтаар нэр төртэй авч явж ирлээ.

МҮОХ 1956 оны хоёрдугаар сарын 26-нд байгуулагдаж, 1962 оны Москва хотноо болсон ОУОХ-ны чуулганаар албан ёсоор олимпын хөдөлгөөн гишүүн орон болж, 1964 онд анх удаагаа Инсбуркийн Өвлийн олимп, Токиогийн зуны олимпд оролцож, олимпын их гэр бүлд нэгдсэн түүхтэй.

Түүнээс хойш манай улс олимпын наадмаас 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль хүртээд байна. Эдгээр амжилтын оргил нь Бээжингийн олимп (2008 он) байж, Монгол түмнийг баяр бахдлаар бялхуулсан билээ.

Олимп бол зөвхөн медаль биш энэ бол хүсэл мөрөөдөл, тэсвэр хатуужил, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгах их хариуцлага юм.

МҮОХ-ны 70 жилийн түүх бол бахархал, ирээдүйн ялалт амжилтын эхлэл юм.

Монголын олимпын гэр бүлийнхэндээ, үе үеийн аваргууддаа, дасгалжуулагчид, зүтгэлтнүүддээ талархал илэрхийлье. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top