
Өмнөд Солонгосын алдартай цувралуудын нэг болох "Winter Sonata" буюу бидний нэрлэж заншсанаар "Өвлийн хайрын дуу" кино 24 жилийн дараа японы дэлгэцнээ эргэн иржээ.
Өнгөрөгч баасан гарагт тусгай үзвэрээрээ үзэгчидтэй уулзсан тус киног продакшны баг дахин засварлаж, 4К нягтралтай хоёр цагийн кино болгон үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Анх 2002 онд KBS телевизээр үзэгчдэд хүрч байсан энэхүү кино тухайн үедээ 23.1 хувийн рейтингтэй тэргүүлж, олон улсад солонгосын давалгааг эхлүүлж байсан гэхэд хилсдэхгүй. 2003 онд тус киног NHK телевиз үзэгчдэд хүргэж байжээ. Кино цацагдсан даруйд хит болж гол дүрийн жүжигчид халлюгийн эхэн үеийн хөгжлийн тодорхойлогч нүүр царай болж байсан гэдэг.
Тус киноны нээлтийн үеэр найруулагч Юн Сог Хо ""Winter Sonata" кино та бүхний анхны хайрын тань тухай дурсамжийг сэргээх байх. Хорин жилийн өмнө үзэгчид энэхүү сэтгэл хөдлөлөө дахин мэдэрч байсан бол энэ удаад ч мөн үзэгчид дурсамжаараа дахин аялж чадах байх гэж найдаж байна" гэжээ.
Энэхүү шинэчилсэн хувилбарт Чой Жи Ү-ийн дүрд дуу оруулсан Мисато Танака "Надад өнгөрсөн үеийн эрдэнэсийг дахин нээж байгаа юм шиг л санагдсан. Миний карьерийн эргэлтийн цэг болж байгаа энэхүү киног өргөн дэлгэцээр харахдаа үнэхээр баяртай байна" хэмээсэн байна.
Уг киног зөвхөн японы үзэгчдэд зориулан дахин бүтээсэн бөгөөд бусад улс орнуудад гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.



Сэтгэгдэл ( 0 )