Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын нийслэл Бухарест хотноо үргэлжилж буй. Тэгвэл тэмцээний гурав дахь өдөр буюу өнгөрсөн баасан гарагт эмэгтэйчүүдийн барилдаан боллоо. Энэ жилийн дэлхийн аваргад дэлхийн 55 орны тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж байгаа. Тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болсон юм. Эдгээр жинд Монголын багаас Э.Даваачимэг /51 кг/, Б.Батцэцэг /59 кг/, О.Оюунтуяа /67 кг/ нар зодоглосноос өнгөрсөн жил Сингапурт болсон өсвөрийн анхдугаар олимпийн наадмын аварга, ОУХМ Б.Батцэцэг хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр эхний тойрогт Болгарын Жанан Фахри Ахмедыг, хоёрдугаар тойрогт Казахстаны Жулия Сатымбековаг, гуравдугаар тойрогт Германы бөх Катрин Ноемаейрыг оноогоор ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар Молдавын тамирчин Мариана Есанутай барилдаж, 5:7; 7:3 харьцаагаар ялагдсанаар аваргын төлөө барилдах боломжгүй болсон ч дагах барилдаанд зодоглон Хятадын бөх Гуань Яажинг 0:6;1:0;3:0 харьцаагаар ялж хүрэл медалийн эзэн болжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )