
Дуучин Рианнагийн Беверли Хиллс дэх гэр рүү орон нутгийн цагаар энэ сарын 8-ны өдрийн 13:21 минутад буутай этгээд хэд хэдэн удаа буудсан хэрэг гарчээ.
Уг хэргийг үйлдсэн 30 гаруй насны эмэгтэйг цагдаа нар саатуулан баривчилсан бөгөөд уг халдлага болох үеэр дуучин гэртээ байсан аж. Бууны нэг сум түүний гэрийн ханыг нэвтэлжээ. Азаар хэргийн үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй талаар эх сурвалж дурдсан байна.
Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр гэмт этгээд машинаасаа Рианнагийн байшин руу 10 удаа бууджээ. Одоогоор гэмт этгээдийн хэрэг үйлдсэн шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд Рианна уг хэргийн талаар тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа аж.
Дуучин Рианнагийн хувьд өмнө нь мөн халдлагад өртөж байсан. 2018 онд 28 настай үл таних эр түүний Холливуд дэх гэр рүү нэвтэрч, туслахад нь баригдах хүртлээ 12 цаг орчим гэрт нь байжээ. Цагдаа нар түүнийг саатуулан баривчилж, Рианнад 10 жилийн турш ойртохгүй байх шийтгэл ногдуулж байсан билээ.

.png)

Сэтгэгдэл ( 0 )