
Авто, мото спортоор хичээллэгсдийн “олимп” гэгддэг "Дакар ралли" уралдаанд оролцсон “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан Олон улсын хэмжээний мастер Б.Батмөнхтэй хамтран ажиллахаар болжээ.
“Ondo” брэндийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Батмөнх нь сүүлийн зургаан жил тасралтгүй ралли төрөлд амжилттай уралдаж байгаа залуу тамирчин бөгөөд мотокросс, баха, седан болон холын зайн ралли төрөлд өрсөлддөг.
Түүний хувьд Улсын аварга шалгаруулах тэмцээн, “Монгол ралли”, “Мастер ралли”, Японы “SSER Rally” уралдааны мото төрөлд тэргүүн байрт шалгарсан, ирэх жил Дакарыг зорих зорилготой монгол залуусын нэг юм. Тиймээс “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан түүнийг дэмжиж, 2027 оны “Дакар Ралли”-д оролцуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Илүү өргөн бүрэлдэхүүнтэй ажиллахаар зэхэж байгаа багийнхан энэхүү төслийн хүрээнд Дэлхийн аваргын гараанаас оноо авч, Дакарт уралдах эрхийн төлөө шамдаж эхэлжээ.
2026 оны “Дакар ралли” уралдаанд тус төслийн багийнхан Гавьяат тамирчин Э.Халиунболдыг сонгон, хамтран ажилласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )