.jpg)
Тайзыг эзэгнэсэн алдартай дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн урлагт хөл тавьсан дуурийн дуучин Б.Жавхлантөгс сонгодог бүтээлийн "Classic" тоглолтоо толилуулах гэж байгаа нь энэ сарын төдийгүй энэ жилийн онцлох үзвэрт зүй ёсоор тооцогдож байна. Удаан хугацаанд урлагаас хөндийрсөн ч эргэн ирж, авьяас чадвараараа гайхуулахаар зэхэж байгаа түүний бүрэн хэмжээний тоглолтын бэлтгэл шувтарч, тоглолт болоход ердөө хэдхэн хоног үлджээ. Сонгодог урлагт хайртай хэн бүхэнд зориулж, басхүү өөрийгөө батлан харуулахаар "Classic" тоглолтоо хийхээр шаргуу ажиллаж байгаа Б.Жавхлантөгс тоглолтынхоо тухай ийн ярьлаа.
ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ЖААХАН АЙДАСТАЙ БАЙНА
Тоглолтын тов гарснаас хойш хоёр сарын хугацаанд тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрөөс бүрэн хэмжээний оркестртой бэлтгэлээ эхлүүлээд байна. Нийт 20 гаруй дуу дуулагдана. Тоглолтынхоо найруулгыг өөрөө хийж, дуулагдах дуунуудаа мөн өөрөө сонгосон. Дан сонгодог дуу дуулагдана гэж ойлгож бас болохгүй. Ерөнхийдөө 10 гаруй сонгодог том ари дуулагдах бол үлдсэн дуунуудыг нь би өөрийнхөө жанрт хөрвүүлэн дуулна. Тэгэхээр маш сонирхолтой болно.
Зочин уран бүтээлчдийн хувьд би өөрийнхөө хайрлаж, хүндэлж явдаг уран бүтээлчдээ урьсан байгаа. Бүгд баяртай хүлээн авч, зөвшөөрсөн. Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, Д.Отгонжаргал, Х.Мөнхтүвшин, Э.Адъяасүрэн болон миний төрсөн дүү Б.Идэржавхлан нар оролцоно. Удирдаачаар Монголын Сонгодог хөгжмийн урлагийн нэрт удирдаач Н.Туулайхүү ажиллаж байна.
.jpg)
Сонгодог урлагийн тайз бусад жанраа бодвол нүсэр тайз хэрэггүй байдаг. Тиймээс энгийн байхаар төлөвлөсөн. Тоглолтын үеэр мөн шинэ уран бүтээлээ толилуулна.
Тоглолтоо хийлгүй 11 жил болсон байна. Буцаад урлагтаа ирж байгаадаа баяртай байна. Миний дараагийн 20 жилийн карьер эхэлж байна. Үүний томоохон тулах цэг энэхүү тоглолт байх болно гэж бодож байна.
Энэхүү тоглолтоос хайр, хүндэтгэл, дурсамж, гээд л бүхий л сайран зүйлсийг мэдэрч, сонгодог хөгжмийн сайхныг таашаагаасай гэж хүсэж байна. Үнэнийг хэлэхэд жаахан айдастай байна. Учир нь тухайн үед байнгын бэлтгэлтэй, формтой байсан. Одоо багагүй хугацаанд завсарлага авч байгаад эргэн ирж байгаа учраас формдоо орох гэж их хичээж байна. Тиймээс бага зэргийн айдас, сандралтай л байна. Сонгодог урлагаас гараад эргэж ирэхэд хоёр жил орчмын хугацаа шаарддаг.
Намайг дэмжиж, урам өгч байгаа бүх үзэгчдэдээ чин сэтгэлийн талрхал илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйг хичээнэ ээ.
МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ТЭР ӨДРИЙГ ДОГДЛОН ХҮЛЭЭЖ БАЙНА
.png)
Б.Жавхлантөгсийн дүү Б.Идэржавхлан: Би ахынхаа тоглолтод хоёр дуу хамтарч дуулна. Тоглолтын бэлтгэл ажил гээд л бүхий л зүйлд нь хамтран ажиллаж байна. Оркестртой бэлтгэлийг нь сонсоод огшоод л сууж байна. Бэлтгэл ерөнхийдөө жигдэрсэн. Ахын хувьд формдоо бүрэн орчихсон, тоглотоо хийхэд бэлэн болчихсон байгаа.
Өмнө нь тоглолт, арга хэмжээнд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Гэхдээ ахынхаа бүхэн хэмжээний тоглолт, тэр дундаа сонгодог тоглолтын арын албанд ажиллах өөр байдаг юм байна. Дүү нь учраас бүхий л зүйлд нь дэмжиж, ар талд нь бат зогсож байна. Тоглолт үнэхээр сайхан болно гэж найдаж байна.
Бид хоёрын багын мөрөөдөл хоёулаа дуучин болох байсан. Гэхдээ би илүү математик чиглэлээ хөөгөөд математикийн багш болсон. Багын мөрөөдлөө хоёулаа биелүүлье гэдэг үүднээс хамтарч дуулахаар бэлдэж байна. Мэргэжлийн дууг, мэргэжлийн хүмүүстэй дуулна гэдэг үнэхээр хүнд. Гэхдээ чадлаараа хичээж байгаа. Мөрөөдөл биелэх тэр өдрийг догдлон хүлээж байна"
Б.ЖАВХЛАНТӨГС БИД ХОЁРТ ИЖИЛ, ТӨСТЭЙ ЗҮЙЛС ОЛОН БИЙ

Дуучин Ц.Төвшинтөгс: Б.Жавхлантөгсийг оюутан байхаас нь мэднэ. Улаанбаатар театрт байхдаа дуучнаар авч ажиллуулж байсан. 2007 онд дэлхийн номер нэг баритон дуучин Э.Амартүвшин, Х.Энхтайван, Б.Жавхлантөгс гурвын тоглолтыг хийлгэж байсан юм.
Энэ удаагийн тоглолтод манай Жавхаа миний дуулсан "Бурхан бумбын орон", "Шүүдэр цармын цэцэг" дуунуудыг хамт дуулмаар байна гэх санал тавьсан. Үүнийг нь дэмжиж ажиллаж байна. Учир нь уран бүтээл дахин эзнээ олж байна гэж би харж байна. Цаашид энэхүү дуугаа дуулна гэвэл хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай холбогдох байх. Миний хувьд энэ дууг дуулаасай гэж боддог.
Жавхаагийн хувьд аль ч төрөл, жанраар дуулдаг. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй ч гэсэн энэ дайны формтой байж, энэ том дуунуудыг дуулна гэдэг бол мэргэжлийн уран бүтээлчийн хувьд маш өндөр формтой байна гэсэн үг юм. Бид хоёр нэг багшийн шавь. Тиймээс ижил, төстэй зүйл олон бий. Би өөрийнхөө залуу насыг Жавхаагаасаа харж байна.
Үзэгчид та бүхнийгээ энэхүү тоглолтыг тухлан сууж, таалан болгоогоорой гэж хүсье.

Сэтгэгдэл ( 0 )