НЦУГ | Хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай холбоотой сургалт зохион байгууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас сэтгүүлч, сурвалжлагч нарт хэвлэн, нийтлэх үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийг дээдлэх, мөрдөн шалгах ажиллагааны нууц, худал мэдээлэл түгээхийн хор уршиг, хүлээлгэх хуулийн хариуцлага, холбогдох эрх зүйн зохицуулалтын тухай ойлголт, мэдээлэл өгөх зорилготой сургалт зохион байгууллаа. 

Сургалтад "Глоб Интернэшнл" төвийн гүйцэтгэх захирал Б.Онон, Мөрдөн шалгах албаны Хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Дашцэрэн, Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Н.Эрболд нар оролцон илтгэл танилцууллаа. 

 

 

"Глоб Интернэшнл" төвийн гүйцэтгэх захирал Б.Онон: Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх зүйн орчин, худал мэдээлэлтэй тэмцэх асуудлаар сургалт зохион байгууллаа.

Манай байгууллагын хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба эрх зүйн орчин сэдвээр илтгэл танилцууллаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль яригдаж байгаа энэ үед эрх зүйн орчин ямар байгаа вэ гэдэг тал дээр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ хүрээнд Нийтийн мэдээллийн тухай хууль, сэтгүүчдийн аюулгүй байдлын судалгаа гэх зэрэг мэдээллүүдээ нэгтгэн танилцуулсан байгаа. Энэ оны онцлох хэвлэлийн эрх чөлөөний орчинд гарсан өөрчлөлт гэвэл Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын түдгэлзүүлсэн, ҮХЦ-ээс дүгнэлт гаргаж, үүнийг нь УИХ хүлээн авч, тогтоол гаргасан явдал юм.

Мөн цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээлэлтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах болон бусад хууль тогтоомжтой холбоотой гол заалтуудыг танилцууллаа. 

 

 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ХМОНХХ-ийн дарга, дэд хурандаа Д.Мөнххуяг:

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн нэг нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг байдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлын хүрээнд явагддаг энэхүү чиг үүргийн хүрээнд иргэд, олон нийтийг мэдээлэлтэй байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гол үүргийг гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад тэдгээрийн эрхийг хамгаалах чиглэлд сургалт зохион байгууллаа. 

Энэхүү сургалтаар сэтгүүл зүйн байгууллагын сэтгүүлч, ажилчид албан үүргээ гүйцэтгэж байх үедээ эрхээ хэрхэн хамгаалах вэ, ямар үед мэдээллийг хэрхэн түгээх нь хуульд нийцэх вэ, иргэдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж, нийгмийг буруу зүйлд уриалдаг вэ гэдгийг кейс дээр тулгуурлан өглөө. 

Энэ төрлийн сургалтыг цагдаагийн байгууллагаас тогтмол зохион байгуулахыг хичээж байгаа. Энэ жилийн тухайд бид хоёроос доошгүй хугацаанд зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

 

 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү: Цагдаагийн байгууллагад энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт 10 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн. Үүний 35 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа. Залилах гэмт хэргийн 80 хувийг цахим орчинд бусдыг залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Нэг ёсондоо иргэдийн банкны дансыг ашиглаж залилан үйлдэж байна гэсэн үг. Онлайнаар бараа, үйлчилгээ аваад, урьдчилгаа төлбөр шилжүүлэн залилуулах байдал их байна. Мөн хусдаг сугалаа, үнэт чулууны лайв бичлэг болон сүүлийн үед шинээр гарч ирээд байгаа томоохон сүлжээ ресторануудын нэрийг барьсан залилангийн хэрэг байна. 

Тухайлбал, KFC, Pizza Hut хямдрал зарласан байна хэмээн хуурамч линкээр дамжуулан иргэдээс захиалга авах замаар иргэдийн банкны мэдээллийг авч дансан дахь мөнгийг нь шилжүүлэн авах замаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг байна. Энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдснээс хойш цагдаагийн байгууллагад 300 гаруй иргэн гомдол гаргаж, нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажиллагаа явуулж 300 гаруй сая төгрөгт царцаалт хийж, бусад хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

 

Энэхүү гэмт хэргийг үйлдэгчийг Эрүүгийн хуулийн 17.3-т зааснаар ял, шийтгэл ногдуулна. Уг хуульд цахим орчин ашиглан гэмт хэрэг үйлдсэн бол 450 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. Хэрэв энэ гэмт хэргийг амьдралынхаа эх үүсвэр болгосон, их хэмжээний хохирогчтой бол 5-12 жилээр хорих ялаар мөн шийтгэнэ. 

Уг төрлийн гэмт хэрэгт өртсөн хохирогчид тэр даруйдаа цагдаагийн байгууллагад хандах ёстой. Шуурхай ажиллагааны баг банкуудтай хамтраад 24 цагийн хугацаанд гэмт хэрэгт холбогдсон дансанд хязгаарлалт хийдэг. Шүүхийн шийдвэр гарсны дараа тухайн хохирогчид алдсан мөнгөө эргүүлэн авч болдог. 

Иргэд цахим орчинд явж байгаа алив линк, хуурамч зар зэрэгт хууртан эдгээр линкэн дээр дарж орохгүй байх ёстой. Залилагчид нэг бол урьдчилгаа төлбөр авдаг, хоёрдугаарт хуурамч линк байршуулж, иргэдийн хувийн болон банкны мэдээллийг авдаг. Эдгээрээс иргэд урьдчилан сэргийлээрэй хэмээн сэрэмжлүүлж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top