Азийн наадмаас аваргатай болж алдаа, оноогоо ч дэнсэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

Ази тивийн аварга шалгаруулах нэгэн тэмцээн өнгөрөгч долоо хоногт болсон спортын үйл явдлуудаас хамгийн содон нь байлаа. Учир нь Монголын бодибилдинг фитнессийн холбооноос зохион байгуулсан уг тэмцээнийг манай улс анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа гэж хэлж болно. Түүхэн хөгжлийнхөө явцад 45 дахь удаагаа зохиогдож буй Азийн аварга шалгаруулах энэ тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор болсон юм. "АСА" циркэд хоёр өдрийн турш үргэлжилсэн уг тэмцээнд Бахрейн, Хонконг, Иран, Ирак, Тайвань, Энэтхэг, Япон, Узбекстан, Кувейт, Киргиз, Казахстан, Солонгос, Татар, Палестин, Шриланк зэрэг 16 орны 120 гаруй тамирчин 20 төрөл, 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90, +100, -100 гэсэн 10 жинд өрсөлдсөн. Манай улсаас 16 тамирчин тус тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн. Эрэгтэй фитнессийн төрөлд Ч.Цогтбаатар, Н.Пүрэвням, С.Баттүшиг нар өрсөлдөж алт,мөнгө, хүрэл медаль , эмэгтэй энэ төрөлд спортын мастер Т.Оюун-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр 160 см-ээс дээших ангилалд өрсөлдөхдөө нутаг нэгтэн, ОУХМ, Азийн хошой аварга М.Сарангуаг ардаа орхиж мөн л гуравдугаар байрт шалгарсан юм. Харин Ази тивийн хошой аварга М.Сарангуа 55 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр улсынхаа нэрийг бодибилдингийн төрлөөр дэлхийн тавцанд ахархан хугацаанд гаргасан манай шилдэг тамирчин юм. Өөрийн нутагт болж буй хирнээ нэг ч шүүгч шүүгчээр суугаагүй нь тамирчныхаа амжилтыг доош нь татахад хүргэсэн тухай үзэгчид шуугиж байв. Тухайлбал, залуучуудын 70-аас доош гэсэн төрөлд Солонгосын тамирчин Ли Ка Лонтой манай тамирчин Т.Дашдорж өрсөлдсөн. Тэрбээр хийж буй үзүүлбэрийн гүйцэтгэл, тамирчны ур чадвар, биеийн ерөнхий хөгжил зэргээр давуу байсан ч шүүгчид Солонгосын тамирчинд алтан медаль хүртээсэн нь үзэгчид мэргэжлийн тамирчдыг бухимдуулсан. Монгол Улс дэлхийн бодибилдингийн холбоонд элсээд 20 жил болж буй. Гэтэл олон улсын тэмцээн шүүх эрхтэй хоёрхон шүүгчтэй. Азийн холбоодыг даган өдгөө хоёр холбоо болон хуваагдаад байгаа нь ийнхүү тамирчны амжилтыг дутуу үнэлүүлсэн явдал болсныг олон үзэгч хэлж байсан. Бүр тодруулбал, тус тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатар нэг холбоог нь, нөгөөг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр удирддаг.  Харин "гэдсэндээ хөлөө хийлцсэн" хоёр холбооны хотын даргаар ахлуулсан хэсэгт Олон улсын "А" зэрэглэлийн шүүгч, бодигийн анхдагч гэж хэлж болох н.Батсуурь багш, Монголын мистер н.Энхтайван нар байдаг. Нэгэн зорилготой эдгээр эрхмүүд тамирчдынхаа эрх ашгийн үүднээс тэмцээнд хүссэн хүсээгүй ч оролцох ёстой байсныг ахмад тамирчид өгүүлж байсан. Анхны юм бүхэн алдаа оноотой байдаг. Гэхдээ бүхэл бүтэн тивийн тэмцээн зохион байгуулж байгаа хирнээ оролцогч орнуудын заримынх нь төрийн дуулал байгаагүй нь тэмцээний зохион байгуулалт хэр болсныг гэрчилж буйг өгүүлэх хүн цөөнгүй байсан юм.  Мөн алтан медаль хүртсэн тамирчид эх орныхоо далбааг бус, "АСА" циркийн хойморт байрлуулсан суудлын хуваарь болох үсэг, компаниудын сурталчилгааны лого руу харан дуулж байсан нь Итгэлт баяны "...ичмээр дамшиг"-аас дор болж "Улсынхаа нэр нүүрийг бодсонгүй" хэмээн халаглах хүн олон байсан. Тэмцээний нээлт болж Монгол Улсын төрийн дуулал эгшиглэхэд ч үзэгчид хийгээд тамирчид төрийн далбаагаа хайн ийш тийш харан сандарч байсан юм. Дутагдал олон ч гэрэл гэгээтэй зүйл ч цөөнгүй байсан. УИХ-ын эрхэм гишүүн Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар үзэж сонирхсон. Харин тэд гадаадын тамирчдын амжилт, хичээллэсэн хугацааг сонсоод Монголынхоо тамирчдаар бахархаж байсан.  Учир нь энэ удаагийн тэмцээнд оролцсон манай тамирчид харьцангуй залуугаас гадна 14 жил хичээллэгсэд байсан юм. Энэ нь цаашид бодибилдингийн спортыг жинхэнэ утгаар нь хөгжүүлбэл манай улсын тамирчид дэлхийн шилдгүүдийн тоонд багтах магадлалтайг харуулж байна хэмээн эрхэм гишүүд дүгнэн ярилцаж, зарим нь бодибилдингээр хичээллэх тухай ч ярьж байсан. Ямартай ч багагүй сургамж хайрласан Азийн наадмыг аваргатай, алт, мөнгө, хүрэл медальтай үдлээ.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top