.jpg)
Алдарт дуучин Д.Адарсүрэн агсаны хүү А.Амартайван аавынхаа гэгээн дурсгалд зориулан хөшөө босгох санааг арваад жилийн өмнөөс санаачлан, улмаар “Тэмээн дээрээс Наран ойрхон" тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Аавынхаа уран бүтээлийг мөнхжүүлэх, ард түмэндээ эргэн сануулах, хөшөөг нь сүндэрлүүлэх зорилгоор хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар зэхээд байгаа тэрээр "Тэнгэрийн үүд хаалгыг нээгээд бурхдын хүслээр бид энэ бүхнийг хийж байгаа л гэж бодож байна" гэлээ.

Ар халхын алдарт дуучин Д.Адарсүрэн хэмээн түмэн олонд хүндлэгдсэн нэрт дуучны дурсгалд зориулсан энэхүү хүндэтгэлийн тоглолтод нийт 40 орчим дуу дуулагдана. Эдгээр дуунуудыг Монголын сор болсон уран бүтээлчдээс гадна шинэ, залуу уран бүтээлчид хамтран тайзнаа дахин амьдруулах ажээ.

Ардын жүжигчин, дуучин С.Батсүх "Түүний дуунууд өнөөдрийг хүртэл монголын ард түмний сэтгэлийн авдарт хадгалагдаж ирсэн. Сайхан дуунуудыг нь өнөөгийн залуучууд бүгд сайхан дуулцгааж байна. Баритон хоолойтой залуучууд ихэнх нь дуулдаг.
Сум болгон нэг Адараатай, аймаг болгон нэг Адараатай болчихсон байна. Түүний дууных нь мөн чанар, өөрийнх нь чин сэтгэл, араншин дуугаар нь гарч байдаг, дуугаараа жаргаж амьдардаг, урлагаа нэгт, өөрийнхөө амьдралыг хоёрт тавьдаг, өнөөдрийг хүртэл амьд юм шиг бидний дунд дуу нь эгшиглэсээр байна.
Миний хувьд тоглолтод очоод дуунуудаас нь дуулна. Монголчууд хайртай дуучнаа очиж хардаг хөшөөтэй болъё. Энэхүү ажлыг дэмжээрэй гэж уриалж байна" гэлээ.

Залуу дуучин О.Энх-Эрдэнэ "Миний үеийнхэн энэ хүний үлгэр домог шиг түүхийг нь сонсож, дууг нь дуулж өссөн болохоос амьдаар нь харж байсангүй.
Гэсэн ч түүнийг үргэлж сонсож, суралцаж байдаг. Тиймээс хөшөө нь сүндэрлэх гэж байгаад баяртай байна.
Үнэхээр л ард түмний хүү хэмээн нэрлэгддэг энэхүү дуучныхаа дурсгалыг хүндэтгэх тоглолтод хүрэлцэн ирээсэй гэж хүсэж байна" гэв.

Тоглолт ирэх тавдугаар сарын 16-нд "UG Palace" концертын танхимд зохион байгуулагдана. Тасалбарын үнийг 89.000 хэмээн тогтоосон нь мөн учиртай хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа. Учир нь П.Адарсүрэн агсны мэндэлсний 89 жилийн ой энэ жил тохиож байгаа аж.
Хөшөө босгохоос гадна түүний амьдралын түүхээр кино бүтээх ажил эхлээд байгаа бөгөөд кино зохиол нь хэдийнэ бэлэн болжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )