Замын-Үүд дэх Гаалийн газрын байцаагчид НЭГ САР цагдан хорих арга хэмжээ авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АТГ-аас 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ий өдрөөс эхлэн Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн Улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн нийт гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Тус шүүхэд яллагдагч С.А-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...”, мөн зүйлийн 1.3 дахь заалтад заасан “...хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба прокурорын саналын үндэслэл болсон яллагдагчийг цагдан хорих дээрх үндэслэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч С.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top