Цагдаагийнхан хар тамхины хэргээр баривчлагдсан нэгэн этгээдийн талаар өчигдөр нэр, нутаг ус, захиргааны харъяалал зэргийг нь ихээхэн нууцалж байлаа. Нууцлах шалтгаан ч байсан биз. Хэргийг илрүүлээд хоёр хоноогүй байсан болохоор мөрдөх, шалгах гээд их ажил амжуулсан байх. Тэгвэл тэрхүү хар тамхины хэрэгт холбогдогч нь Дундговь аймгийн харъяат улсын начин Ц.Улаанхүү юм байна. Тэрээр долоон сарын 29-30-ны өдрүүдэд аймгийнхаа наадамд очиж, тэндээ зодог тайлах ёслол хийгээд нутгийн зон олон, захиргаанаасаа 5 сая төгрөгөөр мялаалгасан байжээ. Мань хүн 10 орчим граммаар гялгар уутанд боосон мансуурах бодисыг тээвэрлэж байсан гэдэг нь үнэн бололтой. Нийтдээ 43 боодол бүхий мансууруулах бодис болон герионыг Монголоор дамжуулан Зүүн өмнөд Азийн орнууд руу гаргах гэж оролдож яваад өчигдөр баригдсан байжээ. Ер нь монголчууд хар тамхи тээвэрлэхээс гадна өөрсдөө ч хэрэглэдэг болсон байна. Хятадад бүх насаараа хорих ял эдэлж байгаа Л.Байгальмаатай хамт хар тамхи тээвэрлэсэн Л.Гантуул, Л.Гантуяа нар нь эгч дүүс. Тэд яруу найраг, кино, үргэлжилсэн үгийн зохиол бичиж туурвиж байсан юм. Харин мөн ийм хэргээр шоронд орж өршөөлөөр суллагдсан рок попын Өөжий буюу О.Ганболд, Х.Лхагвасүрэн нар гурваас арван жилийн ял сонсож байлаа. Тэгвэл тэдний араас бөхчүүдийн түрүүч нь болж Ц.Улаанхүү начин ийнхүү хар тамхины хэрэгт холбогдож байна.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )