“Росатом” хөвөгч атомын цахилгаан станцын РИТМ реактор үйлдвэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

ОХУ-ын “Росатом” компанийн машин үйлдвэрлэгч “ЗиО-Подольск” үйлдвэрт анхны “ПЭБ-106” хөвөгч цөмийн  эрчим хүчний блокт зориулсан “РИТМ-200С” реакторын төхөөрөмж үйлдвэрлэж дуусжээ.

“Росатом” нь Алс Дорнод дахь зэс үйлдвэрлэлийн кластерыг эрчим хүчээр хангах зорилгоор ийм төрлийн хэд хэдэн хөвөгч эрчим хүчний блок барьж байгаа юм. Энэ нь дэлхийд анх удаа хөвөгч атомын эрчим хүчний тусламжтай аж үйлдвэрлэлийн салбарыг “ногоон” эрчим хүчээр хангах төсөл болж байна.

“РИТМ” реакторыг үйлдвэрлэснээр “Росатом” эрчим хүчний тоног төхөөрөмжийг хөлгийн их биед суурилуулах дараагийн шатны ажлыг эхлүүлэх боломжтой болжээ. “Росатом” корпорацын ерөнхий захирал Алексей Лихачев, “Росатом” хөвөгч эрчим хүчний блокуудын шугамыг өргөжүүлсээр байна. “ПЭБ-106” төслийн анхны реакторыг үйлдвэрлэж дуусгасан нь энэ чиглэлийн чухал үе шат юм. Өнөөдөр дэлхий дээр ажиллаж буй цорын ганц хөвөгч АЦС Орост бий. Бид бага хүчин чадлын цөмийн технологийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалж, дотоод болон гадаадын түншүүддээ инновац шингэсэн, нүүрстөрөгч ялгаруулал багатай эрчим хүчний шийдлүүдийг санал болгох зорилготой гэж мэдэгджээ.

Хөвөгч эрчим хүчний блокууд нь том оврын АЦС-уудын бүх давуу талыг агуулдаг. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй, найдвартай, өндөр үр ашигтай, одоо байгаа эрчим хүчний системд илүү хялбар аргаар нэгтгэх боломжтой, цахилгааны хэрэглээ өсөхөд нэмэлт блок нэмж хүчин чадлаа өргөтгөх боломжтой байдаг байна.

“Росатом”-ын Машин үйлдвэрлэлийн салбарын тэргүүн Игорь Котовын ярьснаар, тус компани мөс зүсэгч цөмийн хөлөг онгоцонд зориулсан 13 төрлийн “РИТМ” реактор үйлдвэрлэсэн байна.

Цаг агаарын хатуу нөхцөлд үр ашигтай нь батлагдсан РИТМ-200 реакторууд нь бага оврын цөмийн эрчим хүчний шинэ шийдлүүдийн үндэс болж, алслагдсан бүс нутгуудыг цахилгаанаар хангах боломжийг нээж байна.

2020 оноос хойш Чукоткад дэлхийн анхны хөвөгч АЦС болох “Академик Ломоносов” ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 1.2 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэж,  агаар мандалд 400 мянга гаруй тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлжээ. Одоогоор “Росатом” РИТМ-200 реактор бүхий янз бүрийн хүчин чадалтай хөвөгч эрчим хүчний цуврал блокуудыг боловсруулаад байгаа бөгөөд Чукоткийн зэс үйлдвэрлэлийн кластерыг цахилгаанаар хангах “ПЭБ-106” төслүүдийг цувралаар үйлдвэрлэж эхлээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top