"Алтан бийр" 17 дахь удаагийн үзэсгэлэн үргэлжилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 29

Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлээс 35 хүртэлх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан бийр-17” дүрслэх урлагийн үзэсгэлэн тавдугаар сарын 23–30-ны өдрүүдэд Монголын Урчуудын эвлэлийн Арт галерейд зохион байгуулагдаж байна.

Монголын дүрслэх урлагийн шинэ үеийн өнгө төрхийг тодорхойлох, залуу уран бүтээлчдийн дуу хоолой, эрэл хайгуулыг дэмжих зорилгоор 1976 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны дэргэд Залуу Уран Бүтээлчдийн Нэгдэл байгуулагдсан нь тухайн цаг үедээ дүрслэх урлагийн салбарын шинэ давлагаа, шинэ сэтгэлгээний эхлэл болж байв. Тус нэгдэл нь үе үеийн залуу уран бүтээлчдийг нэгтгэн, уран бүтээлийн шинэ эрэл, үзэл санаа, ур чадварыг хөгжүүлэх орон зай болон төлөвшсөн түүхтэй.

Энэхүү уламжлалын хүрээнд зохион байгуулагддаг “Алтан бийр” үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн залгамж холбоог бэхжүүлэх, залуу уран бүтээлчдийн уран бүтээлийг олон нийтэд болон олон улсын түвшинд таниулан сурталчлах, тэдний мэргэжлийн хөгжил, цаашдын уран бүтээлийг дэмжих, мөн урлагаар дамжуулан нийгэмд соён гэгээрүүлэх ач холбогдолтой.

“Алтан бийр” үзэсгэлэн нь дүрслэх урлагийн төрөл бүрийн чиглэлийг хамруулдгаараа онцлог бөгөөд жил бүр шилдэг бүтээлийг шалгаруулан, тухайн уран бүтээлчийн цаашдын уран бүтээл, мэргэжлийн үйл ажиллагаанд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг зорин ажилладаг уламжлалтай.
 


Гурван жилийн хугацаанд тодорхой шалтгааны улмаас түр завсарлаад байсан тус үзэсгэлэн энэ жил дахин зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд лекц, хэлэлцүүлэг, арт эвентүүд, уламжлалт таталбарын уралдаан зэрэг олон нийт, тэр дундаа залуусыг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн энэ жил тус үзэсгэлэнд 160 гаруй бүтээл ирүүлсэн нь залуу уран бүтээлчдийн идэвх оролцоо, уран бүтээлээ олон нийтэд хүргэх хүсэл эрмэлзэл өндөр байгааг илтгэж байна. Ирүүлсэн бүтээлүүдэд мэргэжлийн шүүлт, сонгон шалгаруулалт хийгдсэний үндсэн дээр шалгарсан бүтээлүүдийг тус үзэсгэлэнд дэлгэн толилуулж байна.
 

  • Гран При шагнал: Дашдаваагийн Азжаргал "C31, C32" бүтээлээр
  • Тэргүүний залуу цол тэмдэг: Б.Пүрэвдорж "Зүүд" бүтээлээр
  • EducationUSA Mongolia: Р.Цэлмэг "Тэнгэрийн бөөт" бүтээлээр
  • "Шинэ Өглөө" уран бүтээлийн нэгдэл: Б.Ану-Үжин "Болзоо" бүтээлээр
  • Fabs restaurant: С.Энхтүшиг "Дайсныг дарагч" бүтээлээр
  • МонголХан бранд: А.Ихбанди "Хийморь" бүтээлээр
  • Tondo art gallery-аас А.Дөлгөөн "Өөрийн дүрийг зохиохуй" бүтээлээр тус тус шагнагдлаа.
     

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top