Криштиану Роналду зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны хөл бөмбөгчин боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гэрэл зургийг Ч.Ганбат - Ganbat Chuluunbaatar
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо - MSPA

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолт Португалын шигшээ баг Узбекстаны багийг 5:0 харьцаагаар буулган авлаа.

АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотноо болсон уг тоглолтын гоолыг довтлогч Криштиану Роналду (6 болон 39 дэх минутад), Нуно Мендеш (17 дахь минутад), Рафаэль Леао (87 дахь минутад) нар орууллаа. Улмаар тоглолтын 60 дахь минутад Узбекстаны шигшээ багийн тоглогч Абдувохид Нематов өөрийн хаалганд оруулав. 

Криштиану Роналдугийн хувьд ийн өнгөрсөн шөнө дэлхийн аваргын 10 дахь гоолоо оруулснаар зургаан ДАШТ дараалан гоолдсон анхны бөгөөд цор ганц тоглогч болж байна.

Роналду дэлхийн аваргад 2006 онд нэг, 2010 онд нэг, 2014 онд нэг, 2018 онд дөрөв, 2022 онд нэг гоол оруулсан бол 2026 оны ДАШТ-д одоогоор хоёр гоол оруулаад байна

Португалын шигшээ баг дөрвөн оноотойгоор “K” хэсгийг тэргүүлж байгаа бол тэдний араас Колумб (гурван оноо), Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (нэг оноо) удаалж байна. Харин Узбекистаны баг оноо авч амжаагүй байна.

Зургаадугаар сарын 28-нд болох хэсгийн сүүлийн тойргийн тоглолтод Португалын баг Колумбтай, Узбекстаны шигшээ БНАКУ-тай тус тус тоглоно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top