"Ami’s Piano School" - 5 жилийн ойн ГАЛА КОНЦЕРТ боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө


Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ар­дын жүжигчин, нэрт хөгж­мийн зохиолч Дагвын Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаа хүүхэд бүрийг хөгжимд дурлуулах, урлагаар хүмүүжүүлэх хүсэл мөрөөдлөөр 2021 онд Ami’s Piano School-ийг үүсгэн байгуулсан билээ.

Тус сургуулийнхан 2026 оны зургаадугаар сарын 22-нд 5 жилийн ойгоо Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын Фойе тайзнаа олон арван авьяаслаг сурагчдын хөгжил, амжилт,  дурсамжийн хамт тэмдэглэлээ.

“Best of Classical” нэртэй энэхүү тоглолтоор дэлхийн алдарт сонгодог бүтээлүүдийг сурагчид мэргэжлийн хөгжимчидтэй хамтран, утсан хөгжмийн дөрвөлтэй хоршин эгшиглүүлэв. Тоглолтын онцлог нь хүүхэд бүр өөрийн ур чадвар, хөгжимтэйгээ холбогдох мэдрэмжээ тайзан дээр илэрхийлж, хамтын уран бүтээлийн үнэ цэн, хөгжмийн гайхамшгийг мэдрэн, өөрсдийн уран бүтээлийн түүхийг бүтээж буйд оршиж байлаа. Таван жилийн хугацаанд хөгжимөөр дамжуулан олон хүүхдийн хүсэл мөрөөдөл, хөдөлмөр, өсөлтийг хамтдаа бүтээсэн тэдний хувьд энэхүү тоглолт нь зөвхөн концерт бус дурсамж, хөгжил, ур чадварын баяр байв.
 


Гала тоглолт хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт сурагчид маань ганцаарчилсан уран бүтээлүүдээ толилуулсан бол хоёрдугаар хэсэгт Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын мэргэжлийн утсан хөгжмийн дөрвөлтэй хамтран дэлхийн болон Монголын нэрт хөгжмийн зохиолчид болох Frédéric Chopin,Claude Debussy Wolfgang Amadeus Mozart, Ludwig van Beethoven, Antonio Vivaldi, Johann Strauss, Б.Шарав, З.Хангал, Д.Лувсаншарав нарын шилдэг бүтээлүүдийг эгшиглүүлэн, хүрэлцэн ирсэн 150 гаруй хүндэт зочдод мартагдашгүй хөгжмийн үдшийг бэлэглэлээ.

Тоглолтын үеэр Ami’s Piano School-ийн багш С.Алимаа, Л.Халиунсүрэн, Л.Баярмаа нар өөр өөрсдийн уран бүтээлээ толилуулан, 5 жилийн ойн баярын мэндчилгээгээ хөгжмөөр дамжуулан хүргэсэн нь зочдын сэтгэлийг хөдөлгөсөн хөтөлбөр байв. 

Сонгодог урлагийн боловсролыг дэмжин, ДБЭТ-ын хөгжимчид энэхүү тоглолтод нэгдсэн нь мөн бахархал төрүүлж байлаа. 
 

Утсан хөгжмийн дөрвөл
 

  • Ц.Мөнхболд – Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, I-р хийл
  • Д.Янжиндулам – Соёлын Тэргүүний Ажилтан, II-р хийл
  • Д.Тамир – Соёлын Тэргүүний Ажилтан, Альт
  • Д.Амар – Соёлын Тэргүүний Ажилтан, виолончель

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top