Сон Хын Мин хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт хүсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг Өмнөд Африкийн багтай хийсэн тоглолтдоо ялагдал хүлээн, улмаар ДАШТ-ээс хасагдсан. Үүний дараа хөгжөөн дэмжигчдийн уур бухимдал дээд цэгтээ тулж, тус багийн ерөнхий дасгалжуулагч болон хөлбөмбөгийн холбоог ихээр шүүмжилж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч Сон Хын Мин олон нийтээс уучлалт хүссэн байна.

Тэрээр энэ тухайгаа "Би юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Бодит байдлаас зугтахыг хүсэхгүй байна. Юун түрүүнд хөлбөмбөгт хайртай Солонгосын ард түмэн, хөгжөөн дэмжигчдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Хөгжөөн дэмжигчдийн мэдэрч буй сэтгэл дундуур байдал, шархыг ердөө 'уучлаарай' гэдэг үгээр бүрэн эдгээж чадахгүй мэт санагдаж байна. Энэ тэмцээн миний хувьд юу юунаас ч илүү үнэ цэнтэй байсан бөгөөд миний үргэлж ярьдаг байсан "бяцхан хүүгийн мөрөөдлийн тайз" нурчих шиг л боллоо. Үгээр илэрхийлэхийн аргагүй төвөгтэй, зүрх шархлам мэдрэмж төрж байна. 

Надаас илүү урам хугаралт, өвдөлт мэдэрч байгаа хөгжөөн дэмжигчдийн талаар бодох төдийд би өөрийн мэдрэмжийг илэрхийлэх ч хэцүү болж байна. Гэхдээ хөгжөөн дэмжигчдийн мэдэрч буй мэдрэмж минийхээс тийм ч их ялшаатай биш гэдэгт би итгэж байна. 

 

 

Энэ талбарын төлөө маш олон зүйлсийг золиослосон гэдгийг би маш сайн байна. Мөн та бүхний бидэнд өгсөн цаг хугацаа, зүрх сэтгэл, тууштай дэмжлэг, хайр хүндэтгэлийг бид эцсийн мөчид хамгаалж чадаагүйдээ маш их харамсаж байна. Бидэнд итгэн дэмжиж, эцсээ хүртэл бидэнтэй хамт байсан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Иймэрхүү үгсээр бүх зүйлийг илэрхийлэхийг оролдохын оронд би өөрийн байрандаа буцаж очоод Өмнөд Солонгосын ард түмэн болон хөгжөөн дэмжигчдийнхээ зүрх сэтгэлийг эргүүлэн авахын тулд чадах бүхнээ хийх болно. Амь амьдрал минь ганцхан үүнээс хамаарах мэт зогсолтгүй гүйж, та бүхэнд дахин баяр баясгалан авчрах болно. Хөгжөөн дэмжигчдэдээ өгсөн амлалтаа хэзээ  ч мартаагүй. Та бүхэн намайг дахин хүлээн авах хүртэл, хөгжөөн дэмжигчдэд би дахин хэрэгтэй болох хүртэл би бүх хүчээ дайчлан бэлтгэлээ хийх болно. 

Эцэст нь гэж хэлэхэд ийм нөхцөл байдалд байгаа мөртлөө хөгжөөн дэмжигчдээсээ ийм зүйл асууж байгаадаа харамсаж байна. Гэхдээ хэчнээн хэцүү байсан ч багийнхныг минь хэт их шүүмжилж, шархлуулахгүй байхыг хүсье. Үүнийг оронд халуун дулаан дэмжлэг, урам зориг өгөхийг хичээнгүйлэн хүсье" гэжээ. 

Түүний энэхүү бичвэр олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Олон нийт түүнийг дараагийн ДАШТ хүртэл багийн ахлагч хэвээр үлдэхийг хүсэн, хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглохыг нь харахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийлжээ. 

Тус багийн ахлах дасгалжуулагч болох Хон Мён Бу хожигдол хүлээснийхээ дараа хэвлэлийн хурлын үеэр хариуцлагаа үүрэн огцорч буйгаа мэдэгдсэн бөгөөд олон нийт түүнийг ямар ч гэмшсэн шинжгүй байсан, зүгээр л шүүмжлэлээс зугтаахыг тулд ийнхүү огцорч буйгаа зарласан хэмээн хүчтэй шүүмжилж эхэлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.26.195.157) 6 минутын өмнө

Мундаг залуу.

0  |  0
Top