Дуурийн урлагаас дахин нэг Гавьяат төрлөө

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дундговь нутгийн унаган хүү, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багшийн шавь, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин Өлзийбүрэнгийн Цэрэнчунт Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагдахаар боллоо.

Тэрбээр Монголын урлагт нийтийн дуу хэмээх төрөл жанр ихээхэн хүчээ авч байсан 2000-аад оны үед “Бүжгэнд уриач”, “Алагхан хорвоод хоёулахнаа” зэрэг хэд хэдэн дууг өөрийн өвөрмөц цээл хоолойгоороо олонд танигдаж байлаа. СУИС-д сурч байхдаа өөрийн цомгоо гаргаж, бие даасан уран бүтээлийн тоглолтоо хэд хэдэн удаа толилуулаад амжсан. Дуучин залуу ОХУ-д дуурийн дуулаач мэргэжлээр суралцан, Олон улсын нэг, хоёрдугаар зэрэглэлийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргаж байжээ.

Ө.Цэрэнчунт нь өдгөө Монголын дуурийн урлагийн ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох чадварлаг боловсон хүчнүүдийн нэг гэдгээ баталж явна. Чамин, чимхлүүр тенор хоолойтой энэ дуучин МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав багшийн шавь. Г.Хайдав багш нь түүнийг дуурийн урлагт хөтлөн чиглүүлж өгсөн ачтан гэдгийг үргэлж бахархан дурсаж явдаг билээ.

Ө.Цэрэнчунт 1998 онд Улсын тэргүүний уран сайханч цол хүртэж, тэр цагаас хойш 28 жил урлагийн тогоонд чанагдаж, урлагт зүрх сэтгэлээ зориулан ажиллах хугацаандаа Сонгодог болон аялгуут тарнийн нийт 10 цомог, дуурийн алтан пянз гаргаж, дуурийн дуулаачийн гарын авлага 4 ном эмхэтгэн хэвлүүлжээ. Мөн сонгодог хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээр 10 цуврал нэвтрүүлэг хийж, Олон улсын дурийн дуулаачдын уралдаанд 7 удаа орж 1,2,3 дугаар байруудыг эзэлж байсан. Киргиз улсад зохион байгуулагдсан дуурийн дуучдын уралдааны Гран при шагналыг хүртэж байсан.

ОХУ, БНХАУ, Монголын тайзнаа нийт 12 удаагийн бие даасан тоглолт хийсэн, уран бүтээлийн энэ их ажлынхаа хажуугаар ирээдүй хойчоо их урлагт бэлтгэн МУК-т багшилж, Буриадын болон Монголын Дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллан 30 орчим дуурийн гол болон туслах дүрүүдийг бүтээсэн билээ. Сурсан мэдсэн бүхнээ, ур чадвар, зүрх сэтгэлээ урлагийн төлөө, тэр дундаа сонгодог урлагийн төлөө зориулж яваа цуцашгүй хөдөлмөрч, шинийг санаачлан уриалан дуудагч энэ залуу одоо улсынхаа нэр нүүр болсон УДБЭТ-ын гоцлол дуучнаас гадна ОХУ-ын Красноярск хотын дуурийн театрт зочин гоцлоочоор ажиллаж байна.

Ийнхүү ид хийж бүтээж, гялалзаж яваа энэ л үед нь Монголын төр үнэлж Төрийн дээд цолоор шагнаж байгаад талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top