НҮБ-аас тунхаглан баталсан “Дэлхийн адууны өдөр” болон Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр анх удаа тэмдэглэж буй “Монгол дархны өдөр”-т зориулсан “Монгол дархан: Адууны соёл” тусгай үзэсгэлэн өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь нүүдэлчин Монголчуудын оршихуйн үндэс болсон адуу, түүнийг дагасан соёлын баялаг уламжлал, уран дархчуудын ухааны ур, мэлмийн ур, гарын ураар бүтсэн адуун соёлын тоног хэрэгслийг цогцоор нь сурталчлан таниулах зорилготой юм.
Үзэсгэлэнг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ, “Уур амьсгалын өөрчлөлт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр нүүдлийн өв соёл шинэ сорилттой нүүр тулж буй энэ цаг үед монгол адууны үнэ цэнэ, морин соёл, уламжлалт дархны урлалыг хадгалж хөгжүүлэх нь чухал болох”-ыг дурдаж, дархчуудын нарийн ур ухаан, морины өв соёлыг шингээсэн эдгээр үнэт өвийг дотоод, гадаадын жуулчдад цогцоор нь сурталчлан таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
Үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг танилцуулж, жил бүрийн 07 дугаар сарын 08-ны өдрийг “Монгол дархны өдөр” болгон баталсан Засгийн газрын 271 дүгээр тогтоолыг уран дархчуудын төлөөлөлд хүндэтгэлтэйгээр гардуулан, үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздэд төрийн дээд шагнал гардуулах ёслол явагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Уран Дархчуудын “Түмэн эрдэнэс” мэргэжлийн холбоо болон Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 101 уран дархны 205 шилмэл бүтээлийг дэлгэсэн бөгөөд 2026 оны 07 дугаар сарын 09-нийг дуустал олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )