Казахстан Улсын Алматы хотноо үргэлжилж буй Азийн жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд Азийн Жюү Жицүгийн Холбооны (JJAU) X их хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Их хурлаар Азийн холбооны 2025–2026 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэж, 2026–2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Мөн Азийн жюү жицүгийн хөгжлийг эрчимжүүлэх, гишүүн холбоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тэмцээн, сургалт, шүүгч, дасгалжуулагчийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, зорилтуудыг хэлэлцэв.
Түүнчлэн 2027 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ирүүлсэн улс орнууд төлөөлөгчдийнхөө хамт нэр дэвшүүлэх танилцуулгаа хийж, тэмцээнийг зохион байгуулах боломж, бэлтгэл ажлын талаар хурлын төлөөлөгчдөд танилцууллаа.
Азийн аварга шалгаруулах тэмцээн нь тивийн шилдэг тамирчдыг нэгтгээд зогсохгүй, жюү жицүгийн спортыг хөгжүүлэх, үндэсний холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал арга хэмжээ юм. Тус хуралд МЖЖХ-ны Гүйцэтгэх захирал, АЖЖХ-ны боловсролын зөвлөлийн гишүүн О.Болд-Эрдэнэ оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )