Италийн домогт хөл бөмбөгч Франко Барези Монголд ирээд удаагүй байна. Тэрээр “Милан” клубынхээ зургаан дасгалжуулагч, нэг менежерийн хамт ирсэн юм. Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачлагаар “Милан клубын өсвөрийн зуслан-Улаанбаатар 2011” хөтөлбөрийн хүрээнд дэлхий дахинаа хүндлэгдсэн Франко Барезигийн “Милан” багтай хоёр жилийн хугааатай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнийхээ дагуу Франко Барези манай оронд ирж, хүүхдүүдийн дунд хөлбөмбөгийн сургалт явуулж байна. Нийслэлийн есөн дүүрэг, Дорноговь аймгаас цугласан 250 гаруй хүүхдүүд тус багийн шилдэг дасгалжуулагчдаар хичээл заалгахаар боллоо. Франко Барези Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяртай уулзах үеэрээ манай өсвөрийн хөлбөмбөгчдийн талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр өсвөрийн дөрвөн хөл бөмбөгчийг “Милан” клубт суралцуулахаар урилга гардуулаад буцсан байна. “Милан” клубын зургаан дасгалжуулагч нь 250 гаруй өсвөрийн хөлбөмбөгчдөөс сургалтын явцад гурван хүүхдийг шалгаруулан “Дэлхийн хүүхдийн зуслан”-д амраахаар болов. Өсвөрийн хөлбөмбөгчдийн сургалтын болон бусад зардлыг “АПУ” компани, “Сод монгол” групп ивээн тэтгэж байна. Ийнхүү Монголын хөл бөмбөгчдийг дэлхийн тавцнаа гаргах гарцыг нээхээр домогт “Милан”-чууд Улаанбаатарт ажиллаж эхэллээ.Франко Базели хөл бөмбөгчийн замналаа анх 1977 онд эхэлж, “Милан” баг нь Италийн аваргын цомыг зургаан удаа, Европын цомын аваргыг гурван удаа, Европын супер цомын аваргыг хоёр удаа тус тус хүртсэн юм. Мөн багаараа дэлхийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болж дэлхийг шуугиулсаар ирсэн “Милан”-ын амжилт нь шилдэг хамгаалагч, “20 дугаар зууны хурц од” Франко Барезитай салшгүй холбоотой.
Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийг гурвууланг нь хүртсэн зургаахан тоглогчийн нэг юм. 1984 оны Олимпод оролцон 4-р байрт шалгарч байв. 1989 онд Европын шилдэг хөлбөмбөгчийн “Мөнгөн бөмбөг” шагналыг хүртэж, 1990 оны Италийн лигийн шилдэг тоглогч, Италийн цомын тэмцээний мэргэн буучаар тодорч байжээ. 1997 онд зодог тайлсан түүнийг 1999 онд “АС Милан” клуб нь багийнхаа зууны шилдэг тоглогчоор тодруулан, “6” гэсэн хувийн дугаарыг нь мөнхөлсөн юм. Италийн хөлбөмбөгийн холбоо түүнийг “Италийн 20 дугаар зууны шилдэг хөл бөмбөгч” хэмээн 2004 онд зарласан бөгөөд ФИФА-гийн шилдэг 100 тоглогчийн нэгээр тодорч байсан агуу хөлбөмбөгчин билээ.
2002 онд “Милан”-д хүүхдийн багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд 20 хүртэлх насны залуучуудын багийн дасгалжуулагч болон дэвшиж, улмаар залуучуудын нас насны ангилалд багаа бэлтгэж байв. Түүнийг хөлбөмбөгийн түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг, хамгийн агуу, хамгийн найдвартай төвийн хамгаалагчид тооцдог ажээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )