Юүтүб хуудаснаа хамгийн өндөр хандалттай видеонуудын нэг болох “Baby Shark Dance” дууны клипэнд гараараа акулын сэрвээ дүрслэн бүжиглэдэг байсан бяцхан хүүг санаж байна уу? Тэгвэл уг хүү одоо хөгжмийн ертөнцөд албан ёсоор хөл тавих гэж байна.
2016 онд дэлхий даяар тархсан уг бичлэгт оролцож байхдаа 7 настай байсан Пак Гон Рун өдгөө 17 нас хүрч, “Baby Shark Boy” тайзны нэрээр уран бүтээлээ эхлүүлэхээр болжээ.
Түүний анхны сингл “WAVE” наймдугаар сарын 20-нд цацагдах бөгөөд тус дууг K-pop-ын MONSTA X хамтлагийн гишүүн Жүхонтой хамтран бүтээсэн байна.
Сонирхолтой нь, “Baby Shark Dance” дууны анхны бичлэгт сонсогддог хүүхдийн хоолой Пак Гон Рунийнх биш аж. Тухайн үед 10 настай байсан Хоуп Сегоин уг дууг дуулсан байна. Харин Пак Гон Рунийн амаа ангайлган, акулын хөдөлгөөнийг дуурайн бүжиглэж буй дүрс нь бичлэгийн хамгийн танил хэсгүүдийн нэг болжээ.
Өдгөө “Baby Shark Dance” дууны клип 17.2 тэрбум гаруй удаа үзэгдсэн бөгөөд YouTube-ийн хамгийн их үзэлттэй бичлэгүүдийн нэг хэвээр байна.
Пак Гон Рун анхны уран бүтээлийнхээ үгийг хамтран зохиосон бөгөөд “Baby Shark” трэндээр танигдсан түүх болон хөгжмийн ертөнцөд эхлүүлээд буй карьерийнхаа тухай "
“Арван жилийн өмнө би Baby Shark-ийн хажууд бүжиглэж байсан. Харин одоо өөрийнхөө дуу хоолой, өөрийн бичсэн түүхийг бусадтай хуваалцахыг хүсэж байна” хэмээн ярьжээ.
Энэхүү төсөл нь The Pinkfong Company-ийн “Baby Shark” брэндийг зөвхөн хүүхдийн контентоор хязгаарлахгүй, илүү өргөн хүрээний K-pop зах зээлд хүргэх стратегийн нэг хэсэг аж.
Гэхдээ тус компани Korea Herald-д мэдээлэхдээ Пак Гон Руний энэ алхам нь уламжлалт K-pop айдолын дебют биш, нэг удаагийн төсөл гэдгийг онцолжээ.
Түүний цаашдын хөгжмийн замнал хэрхэн үргэлжлэхийг “WAVE” сингл гарсны дараа шийдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )