Скарлетт Йоханссон: Би ихэртэйгээ маш гүнзгий ойлголцдог

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Холливудын алдарт жүжигчин Скарлетт Йоханссонийг ихэр гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Түүний ихэрийг Хантер Йоханссон гэдэг бөгөөд тэд 1984 оны арваннэгдүгээр сарын 22-нд Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт гурван минутын зайтай мэндэлжээ. 

Тэд хоёр өндгөн эсийн ихэрүүд учир хоорондоо тийм ч адилхан биш. Гэсэн ч ахынхаа талаар ярихдаа тэрээр амьдралынхаа хамгийн ойр, дотнын хүмүүсийн нэг хэмээн онцолсон бөгөөд 2024 онд “Live with Kelly and Mark” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэдний дунд орших нандин холбоосын талаар ярьжээ. 

Хөтлөгч тэднийг бусад ихэрүүдийн адил хоорондын "телепати" холбоо байдаг эсэхийг асуухад тэрээр нэг эхийн хэвлийн хамтдаа бойжсон учраас бие биеэ маш сайн мэдэрдэг талаараа ярьжээ. Гэхдээ тэд нэг өндгөн эсийн ихэрүүд биш учраас хүмүүсийн төсөөлдөг шиг оюун санаа хийгээд бие махбодын холбоо төдийлөн өндөр хөгжөөгүй хэмээн хошигноод амжжээ. 

Скарлетт мөн Хантерыг “гайхалтай хүн” хэмээн тодорхойлоод, одоог хүртэл маш дотно байдаг талаараа хуваалцсан байна. Түүний ихэр одоогоор ганц бие хэвээр байгаа тухай тэрээр мөн дурдсан нь олны анхаарлыг ихээр татжээ. 

Түүний ихэр ах Хантер Скарлеттийн карьерийн эхэн үед "Manny & Lo" хэмээх кинонд жижиг дүр бүтээж байжээ. Гэсэн ч карьерийн өөр замыг сонгож 2008 онд Барак Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцож байсан бол 2018 онд Solar Responders хэмээх ашгийн бус байгууллагыг байгуулжээ. Тус байгууллага нь сэргээгдэх эрчим хүч ашиглан онцгой байдлын үед ажилладаг анхны тусламж үзүүлэгчдийн боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж. 

Хантер ихэр дүүгийнхээ карьерийг өнөөг хүртэл дэмждэг бөгөөд кино нээлтийн үйл ажиллагаанд ч мөн хамтдаа оролцдог байна. Тэд хамгийн сүүлд буюу 2025 онд Скарлеттийн дүр бүтээсэн Jurassic World: Rebirth киноны Нью-Йорк дахь нээлтийн үеэр мөн хамтдаа ирсэн бөгөөд киноны хамгийн идэвхтэй үзэгчдийн нэг байсан талаар Скарлетт ярьсан байдаг. 

Скарлетт мөн Хантерийн хамгийн үнэнч дэмжигчдийн нэг. Тиймээс ахынхаа зохион байгуулж буй арга хэмжээ, сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top