COP17 | "Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум-2026" хурал зохион байгуулагдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
51 минутын өмнө

 

COP17 хурлын дөрөв дэх өдрийн арга хэмжээ "Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум-2026" хурлаар эхэллээ.

Монгол Улс нь байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарган ажиллаж байна.

Тухайлбал, төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан урт хугацааны ногоон эх үүсвэр нийлүүлэх зорилго бүхий “Монголын ногоон санхүүгийн корпорац” байгуулсныг өнөөдөр албан ёсоор нээлээ.

Уг санхүүгийн корпорацыг “Уур амьсгалын ногоон сан”, “ХасБанк”, “Зээлийн батлан даалтын сан”, “Монгол Улсын Хөгжлийн банк” болон “Даян дэлхийн ногоон хөгжлийн институти”-ийн оролцоотойгоор байгуулсан.

Тус корпорац нь банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төсөлд зориулсан урт хугацааны санхүүжилтийг нийлүүлэх үндэсний санхүүгийн механизм юм.

 

Ингэснээр дотоодын санхүүгийн байгууллагууд:

  • Гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, эрчим хүчний хэмнэлт;
  • Хүртээмжтэй ногоон орон сууц;
  • Аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үр ашиг;
  • Бага нүүрстөрөгчийн технологи;
  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бага орлоготой болон эмзэг бүлгийн хэрэглэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг илүү урт хугацаатай, хүртээмжтэй нөхцөлөөр санал болгох боломж нэмэгдэнэ.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Орлогч генсек бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нар нээлээ.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ “Байгалийн нөөцийг бид эдийн засгийн үр өгөөж болгон хувиргахдаа зөвхөн өнөөдрөө бодох биш ирээдүй хойчоо дунд, урт хугацааны бодлогоор давхар бодож явах ёстой.

Төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан байгуулсан "Монголын ногоон санхүүгийн корпорац"-ын албан ёсны нээлтийг COP17-ын үеэр хийж байгаа нь Монгол Улс уур амьсгал, байгаль орчны зорилтоо бодит хөрөнгө оруулалт, хэрэгжихүйц төсөл болгон хувиргах эрмэлзлийн тод илэрхийлэл гэдгийг онцолж, энэхүү корпораци нь эрчим хүчний хэмнэлттэй, бага нүүрстөрөгчийн технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон бизнес, төсөлд урт хугацааны санхүүжилт олгох, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах санхүүгийн чухал суваг болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ тодотголоо.

Харин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Газрын доройтол, цөлжилтийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авахад зөвхөн улсын төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт хангалтгүй.

Хувийн хөрөнгө оруулалт, холимог санхүүжилт, эрсдэлийг хуваалцах механизм зэрэг олон төрлийн санхүүгийн хэрэгслийг зөв хослуулах шаардлагатай.

COP17 хурлын дараа эдгээр яриа бодит хамтын ажиллагаа, бодит хөрөнгө оруулалт, бодит үр дүн болон үргэлжлэх нь хамгийн чухал.

Монгол Улс COP17 хурлыг зохион байгуулагч орны хувьд энэ хамтын ажиллагааг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэлээ.

 

 

"Монголын ногоон санхүүгийн корпорац"-ын батлагдсан суурь санхүүжилтийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангаас 26.654 сая ам.доллар, Монголын талын хамтарсан санхүүжилтээр 23 сая ам.доллар, нийт 49.654 сая ам.долларын багц төлөвлөгдсөн байна.

Мөн байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, цөлжилтийг сааруулахад хувийн хэвшлээс оруулсан шаардлага хангасан хөрөнгө оруулалт, дэмжлэгт татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлээд буй юм.

Нүүрстөрөгчийн зах зээл, нүүрстөрөгчийн кредитийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлж, төр, хувийн хэвшил, олон улсын санхүүжилтийг нэгтгэх суурь ийнхүү бүрдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top