
Улаанбаатар хотноо үргэлжилж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр нүүрстөрөгчийн зах зээл, ногоон санхүүжилт, уур амьсгалын зорилтуудыг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулах зорилгоор “Бэлчээрийн доройтлоос карбон зах зээл рүү” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.08.21) зохион байгууллаа.
Олон улсын болон санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхан, хамтран ажиллагчдын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Монгол Улсын Эрчим хүчний шилжилтийн стратегийг бид боловсруулаад байна. Бидний зорьж буй шилжилт нь зөвхөн нар, салхины эх үүсвэрийг нэмэгдүүлэх бус, найдвартай, уян хатан, хүртээмжтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай, бага нүүрстөрөгчийн эрчим хүчний тогтолцоог цогцоор нь бий болгоход чиглэж байгаа” гэв.
Мөн Үндэсний Ногоон Лаборатори буюу National Green Lab-ын санаачилга нь ихээхэн чухал гэдгийг дурдлаа. Төслүүдийг эхний үе шатнаас нь тодорхойлж, төслийн бэлэн байдлыг хангах, нүүрстөрөгчийн үр дүнг тооцох, санхүүжилтийн боломжтой холбох, олон улсын хөрөнгө оруулагчдад хүргэх нэгдсэн тогтолцоо бий болгох нь ногоон төслүүдийг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахад ач холбогдолтой юм.
.jpg)
Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг өнгөрсөн долоодугаар сард баталсан нь нүүрстөрөгчийн зах зээл болон олон улсын нүүрстөрөгчийн механизмд оролцох боломж бүрдүүлснийг Б.Найдалаа сайд онцоллоо. Мөн манай улс Сингапур, Швейцар, БНСУ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, олон улсын түншлэлээ өргөжүүлж байгаа юм.
Түүнчлэн Монгол Улс, Япон Улсын хамтарсан кредит олгох механизм буюу JCM-ийн хамтын ажиллагаа бодит үр дүнгээ өгч буй. 2026 онд дөрвөн нарны цахилгаан станцын төслийн хүрээнд нийт 86,564 тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх ялгарлын бууралтыг Япон Улсад шилжүүлээд байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, цэвэр технологийн төслүүдийг нүүрстөрөгчийн санхүүжилттэй уялдуулах боломжийг харуулж буй юм.
.jpg)
Үүнээс гадна Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг амжилттай зохион байгуулсныг хэлэлцүүлэгт оролцсон банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид, технологийн компаниуд, олон улсын түншүүдэд салбарын сайд дуулгаад, тэднийг Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн төслүүдэд идэвхтэй оролцохыг уриаллаа.
.jpg)
Мөн COP17 хурлын үеэр болсон “Эрчим хүч ба залуусын оролцоо” хэлэлцүүлэгт сайд Б.Найдалаа оролцов. Энэ үеэр салбартаа шинэ боловсон хүчнийг хэрхэн татах, тэднийг дэмжих ямар бодлого баримталж байгаа зэргийн талаар “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид” (Future Energy Leaders-FEL Mongolia) хөтөлбөрийн залуустай ярилцлаа. Энэ нь Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөлийн Монголын салбар хорооноос санаачлан залуу мэргэжилтнүүдийг бэлтгэх, салбарын инновац, манлайллыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг үндэсний хөтөлбөр билээ.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )