COP17 | Ш.Батбаяр: Хүний хөгжлийн зам зэрлэг амьтдын нүүдлийн замыг хаах ёсгүй

Ж.Сондор | Zindaa.mn
11 минутын өмнө

 

Хүний хөгжлийн зам зэрлэг амьтдын нүүдлийн замыг хаах ёсгүй. Зөв төлөвлөсөн дэд бүтэц хөгжил болон байгаль хамгааллыг зэрэг авч явах боломжтой. Монгол Улсын зам, төмөр зам, эрчим хүчний дэд бүтэц цаашид улам өргөжинө. Тиймээс байгаль хамгааллыг бүтээн байгуулалтын дараа шийдэх асуудал биш, харин зураг төсөл, төлөвлөлтийн эхний шатнаас нь хамтад нь авч үзэх шаардлагатай.

Шугаман дэд бүтцийн хөгжил, зэрлэг амьтдын нүүдлийн зам, экосистемийн холбоосыг хадгалах асуудлаарх хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Төрийн нарийн бичгийн дарга оролцлоо.

Монгол орны өргөн уудам тал хээрийн экосистемд хулан, цагаан зээр зэрэг зэрлэг амьтдын хувьд хөдөлгөөн, нүүдэл нь амьд үлдэх үндсэн нөхцөл болдог. Харин авто зам, төмөр зам, хашаа болон бусад шугаман дэд бүтцийг буруу төлөвлөх нь тэдний нүүдлийн замыг тасалж, амьдрах орчныг хэсэгчлэн хуваах эрсдэлтэй.

Судалгаагаар цагаан зээр зам, төмөр замын хашаа зэрэг саадтай тулгарахдаа гарц хайж дунджаар 40 орчим км, зарим тохиолдолд 200 гаруй км буюу 211.6 км хүртэл саадыг даган явсан тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нэг хашаа, нэг төмөр зам хүртэл зэрлэг амьтдын хөдөлгөөн, нүүдэлд ямар хэмжээний нөлөө үзүүлж болохыг харуулж байна.

Түүнчлэн 60 гаруй жилийн турш Транс-Монголын төмөр замын дагуух хашаа нь хулангийн тархац нутгийн зүүн хязгаар болж, нүүдэлд нь томоохон саад болж иржээ.

Харин Улаанбаатар төмөр замын хашааг зарим хэсэгт буулгах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зэрэг байгаль хамгааллын зорилтот арга хэмжээ бодит үр дүнгээ өгч, хулан төмөр замаас зүүн тийш эргэн нутагшиж, популяци нь өсөж байгааг судалгааны үр дүн харуулж байна.

Арга хэмжээнд Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Олон улсын бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Сюзан Либерман, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Мадху Рао, мөн Дэ Нэйче Консерванси (TNC)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Байгалийн Өв Сан болон бусад олон улсын, үндэсний байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож, олон улсын туршлага, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийн талаар санал солилцлоо.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top