Пакистан дахь эмнэлэгт гал гарч, 15 нярай ЭНДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
50 минутын өмнө

 

Пакистаны нийслэл Исламабад хотын төвд байрлах "Pakistan Institute of Medical Sciences" (PIMS) эмнэлгийн эх барих, нярай тасагт өглөөний 07:00 цагийн орчимд гал гарчээ. Галын улмаас 15 нярай эндсэн бөгөөд тухайн өрөөнд 16 нярай байснаас ердөө нэгийнх нь амийг аварч чадсан байна. 

Уг гал тухайн байгууламжийн агааржуулагчийн компрессор дэлбэрсний улмаас гарсан хэмээн урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа бөгөөд дэлбэрэлтийн улмаас өрөөнд байсан хүчилтөрөгчийн балон, инкубаторууд түргэн хугацаанд шатаж, гал хурдацтай тархан, инкубаторт байсан хүүхдүүд ийнхүү амиа алдахад хүрчээ. 

Амаржсан ээжүүд гал гарах үед шатаар гарч амь аврагдсан бөгөөд гал сөнөөх албаныхан цонхоор болон шатаар нэвтэрч гал унтраах ажиллагаа явуулжээ. 

Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф болон Ерөнхийлөгч Асиф Али Зардари нар гүн эмгэнэл илэрхийлж, хариуцлага алдсан албан тушаалтнуудад эрүүгийн ба захиргааны хариуцлага тооцох, улс орон даяарх эмнэлгүүдийн галын аюулгүй байдлыг шалгах даалгавар өгчээ. Дотоод хэргийн холбогдох албанаас шалгалтын тусгай комисс томилон ажиллуулж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top