
-Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD) болон Монголын бизнесийн зөвлөл BUSINESS4LAND MONGOLIA HUB байгуулах санамж бичиг байгуулав-
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц /UNCCD/ болон Монголын Бизнесийн Зөвлөл /МБЗ/ өнөөдөр “Business4Land Mongo lia Hub” байгуулах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг санамж бичигт Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцыг төлөөлж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Доктор Ясмин Фоуад /Dr. Yasmine Fouad/ болон Монголын Бизнесийн Зөвлөлийг төлөөлж Гүйцэтгэх захирал Н.Сувд нар гарын үсэг зурж Business4Land Mongolia Hub-ын суурийг тавьлаа.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд Монголын Бизнесийн Зөвлөл нь Монгол Улс дахь Business4Land Hub-ыг хариуцан ажиллах бөгөөд олон улсын Business4Land Hub сүлжээний нэг хэсэг болж, Монголын хувийн хэвшлийг газрын тогтвортой менежмент, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх чиглэлд илүү өргөн хүрээнд оролцуулах үндэсний платформыг хөгжүүлэх юм.
Business4Land /B4L/ нь UNCCD-ийн хувийн хэвшлийн оролцоог дэмжих албан ёсны санаачилга бөгөөд бизнесийн салбар, хөрөнгө оруулагчид, төр, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, инновацийг дайчлахад чиглэдэг.
Business4Land Hub нь одоогоор Бүгд Найрамдах Франц Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгуулагдсан бөгөөд Монгол Улс нь Business4Land Hub-ыг байгуулж буй гурав дахь улс болж байна. Ингэснээр Business4Land-ийн олон улсын хамтын ажиллагааны сүлжээ Монгол Улсад өргөжин тэлж, Монголын бизнесийн салбар олон улсын бизнес, хөрөнгө оруулалт, мэдлэг, туршлагын сүлжээтэй холбогдох шинэ боломж бүрдэж байна.
Шинээр байгуулагдсан Business4Land Mongolia Hub нь дотоодын болон олон улсын компаниуд, санхүүгийн байгууллага, төр, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, бизнесийн хөрөнгө оруулалт, технологи, инноваци болон бодит шийдлийг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх үйл ажиллагаатай холбох чиглэлээр ажиллана.
Түүнчлэн Монголын компаниудад олон улсын сайн туршлага, мэдлэг, аргачлалтай танилцах, газрын асуудлаарх бизнесийн шийдэл, санаачилгаа хөгжүүлэх, олон улсын Business4Land сүлжээний хүрээнд түншлэл бий болгох боломжийг бүрдүүлэх юм.
Business4Land нь компаниудад газрын доройтол, гангийн эрсдэлтэй холбоотой өөрсдийн нөлөөлөл, хамаарлыг тодорхойлох, хэмжих, тайлагнах, цаашид сайжруулах зорилт тавихад дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Ингэснээр компанийн тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа, зорилтуудыг газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх болон гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх UNCCD-ийн зорилтуудтай уялдуулах боломж бүрдэх юм.

Энэ хүрээнд Монголын Бизнесийн Зөвлөл олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, бизнесийн салбарын газрын асуудлаарх зорилт, хэмжилт, тайлагналын тогтолцоог илүү уялдаатай, хэрэгжихүйц болгоход чиглэн ажиллаж байна.
Монгол Улсын хувьд газрын доройтол, цөлжилт, ган, бэлчээрийн доройтол зэрэг асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал биш бөгөөд ус, хүнс, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуй, уул уурхай, нийлүүлэлтийн сүлжээ болон урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой.
Иймээс Монголын Бизнесийн Зөвлөл нь Business4Land Mongolia Hub-ын хүрээнд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны хүрээнд бус, бизнесийн эрсдэл, хөрөнгө оруулалт, инноваци болон эдийн засгийн боломжийн хүрээнд авч үзэх, хувийн хэвшлийн оролцоог бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалттай холбох шинэ платформ болгохоор зорьж байна.
Энэхүү Санамж бичиг нь UNCCD COP17-ын хүрээнд Монгол Улсад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, бизнесийн бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, технологи, инновацийг газрын тогтвортой менежмент болон нөхөн сэргээлтийн зорилтуудтай холбох чухал алхам болж байна.


Сэтгэгдэл ( 0 )