БНСУ | Жэжүгийн цагдаагийн газрын дарга олон нийтээс УУЧЛАЛТ хүслээ

Ж.Сондор | Zindaa.mn
52 минутын өмнө

 

Жэжүгийн орон нутгийн цагдаагийн газрын дарга Өмнөд Солонгосын амралтын бүс нутаг болох Жэжү аралд хоёр иргэн нас барсан хэрэгтэй холбогдуулан уг хэрэгт хайнга хандсандаа уучлалт хүссэн байна. 

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө тус байгууллагын нэгэн цагдаад хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Уг алба хаагч нь сураггүй алга болсон гэж бүртгэгдснээсээ хойш 3 сар гаруйн дараа амиа алдсан байдалтай олдсон 37 настай Жан Ми Ран гэх эмэгтэйг сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл ирсний дараа түүнтэй утсаар холбогдсон хэмээн худал мэдээлэн, хэргийг хаажээ. Удалгүй бүсгүйн ар гэрийнхэн дахин өргөдөл гаргах үед хэрэг хаагдсан учир дахин нээн шалгах боломжгүй хэмээсэн аж. 

Мөн тухайн бүс нутагт амиа алдсан 60 гаруй насны эрэгтэйн хэргийг дутуу шалгаж, буруу шийдвэрлэсэн гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж буй уг цагдаа сураггүй алга болсон тухайн нийт 298 хэргийг шалгаж байсан учир эдгээр хэргүүд дээр мөн дахин шалгалт оруулахаар болжээ. 

Түүний энэхүү хариуцлагагүй ажиллагааны улмаас бүсгүйн алга болсон газрын ойролцоох 118 гаруй хяналтын камерын бичлэг устаж, хэргийн мөрдөн шалгалтын явцад саад учраад байгаа аж. 

Орон нутгийн цагдаагийн газрын дарга Го Пён Ги тус арал дээр сураггүй алга болж, улмаар амиа алдсан байдалтай олдсон хоёр иргэнд холбогдох гэмт хэргийн талаар "Гэр бүлийнхэнтэйгээ эргэн уулзаж чадаагүй хоёр иргэн болон тэдний ар гэрийнхнээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Жэжү арал дахь олон нийтийн аюулгүй байдлыг хангах ёстой цагдаагийн байгууллагын даргын хувьд гүнээ харамсалтай байна. Дээрх хэргүүдэд ямар ч эргэлзэх зүйл үлдээлгүй сайтар шалгаж, үр дүнг нь олон нийтэд нээлттэй мэдээлэх болно" гэжээ. 

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцос энэ сарын 24-нд байрлаж байсан буудлаас нь ердөө 400 орчим метрийн зайд байрлах далдуу модны фирмээс олдсон. Цогцос муудсан байсан учраас үхлийн шалтгааныг нарийвчлан тогтооход хүндрэлтэй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон байж болзошгүй хэмээн мэдээлээд байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top