Айчи-Нагояа 2026: Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
16 минутын өмнө

 

“Айчи-Нагояа 2026”Азийн наадам “Imagine One Asia” уриан дор 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Айчи муж болон Нагояа хотод болно.

Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөх юм. Энэ өдөр Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг Монголын Үндэсний олимпын хорооноос зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “Айчи-Нагояа 2026”Азийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын багийн дэд ахлагч УИХ-гишүүн Х.Булгантуяа, МҮОХ-ны гишүүд, хүндэт зочид тамирчид, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцов.

Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд өмнө нь “Токио-1958” “Хирошима -1994” онд тус наадмыг хүлээн авч байв. 20 дахь удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15,000 тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Ташрамд сонирхуулахад шар тивийн 20 дахь удаагийн наадамд дээд лигийн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар Монголын багийн тугчаар нэрлэгдлээ!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top