Нийтийн албан тушаалтан хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүллээ

16 минутын өмнө

 

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 44,456 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. 

Дээрх хугацаанд 1,620 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 845 хэрэг шинээр нээж, 252 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 59, Өмчлөх эрхийн эсрэг 56, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Эдийн засгийн гэмт хэрэг 4, Авлигын 3, бусад гэмт хэрэг 2 байна. 

Авлигын хэргийн талаар:

- Н.Т нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байхдаа гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Д.С нарын гаалийн мэдүүлэгт хяналт шалгалтыг түргэн шуурхай хийлгүүлэх, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл олгуулах ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нарт үүрэг, чиглэл өгөх буюу албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд, 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлэгч Д.С-аас 52,5 сая төгрөг, Т.Э-аас 36 сая, нийт 88,5 сая төгрөгийн хахууль авсан. 

Д.С нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 2,366 гаалийн мэдүүлгийг гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нараар түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 18 удаагийн үйлдлээр нийт 52,5 сая төгрөгийн хахууль өгсөн,

Т.Э нь нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр мэдүүлсэн нийт 1,274 гаалийн мэдүүлгийг гаалийн улсын ахлах байцаагч, байцаагч нараар түргэн шуурхай хянуулж, гаалийн хяналтын талбайгаас даруй гаргах зөвшөөрөл авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, эрсдэлийн удирдлагын албаны дарга Н.Т-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 9 удаагийн үйлдлээр нийт 36 сая төгрөгийн хахууль өгсөн  хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Зам-Үүд сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

- Г.Б нь 2024 оны 6 дүгээр сарын 07-ны өдөр орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дариу гаргуулж, өөртөө давуу байдал олж авах, ашиг сонирхлын үүднээс улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.А-ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 200 мянган төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль  өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

Хүн худалдаалах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглахтай холбоотой хэргийн талаар:

- А.Н нь өөрийн фейсбүүк хаягаас 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй нэр бүхий хохирогчийн фейсбүүк хаяг руу хандаж, дуудан уулзаж,  улмаар 2023 оны 4-10 дугаар саруудад эмзэг байдлыг нь далимдуулж, бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (насанд хүрээгүй хүүхдийг биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- О.Г, Б.Б, Н.Ц нар нь бүлэглэн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Оросын Холбооны Улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор 5,227 ширхэг тебантин эмийг улсын хилээр нэвтрүүлэн, импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эм импортлох-ханган нийлүүлэх, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; 

- Бүгд Найрамдах Вьетнам Улсын иргэн Х.. М.. Л.. нь 2026 оны 4 дүгээр сард ... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Вьетнам засварын газарт метамфетамины агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

- Б.Э нь 2024 оны 07 дугаар сард ... аймгийн нутаг дэвсгэрээс тетрагидроканнабинолын агууламж бүхий "өвс" гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр "мөс" гэх хэрэглээний нэршилтэй 0.3 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,  өөрийн биедээ болон орон сууцанд хадгалсан;

- Р.А нь 2026 оны 4 дүгээр сарын 06-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 30.2 грамм бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг хадгалсан;

- Б.Б нь 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс метамфетамины агууламжтай “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний хэрэглүүр болох шилэн гаансыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Т.Х нь 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 нутаг дэвсгэрт тетрагидроканнабинол агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

- Р.Б нь 2025 оны 11 дүгээр сард шингэн, тосоpxor, 5F- MDMB-PINACA, MDMB-4en-PINACA-ийн агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top