Дэлхий даяар 2.9 тэрбум гаруй уншигдсан алдарт веб роман, вебтүүнээс сэдэвлэсэн “Дахин гэрлэсэн хатан хаан” (The Remarried Empress) бүтээл бодит жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр дэлгэцнээ гарна.
Тус бүтээлийн гол дүр болох хатагтай Навье-г жүжигчин Шин Мин А бүтээж байгаа бөгөөд түүний дүрийн төрх эх зохиолын дүртэй тун адилхан байгаа нь фэнүүдийн хүлээлтийг улам нэмэгдүүлжээ.
Навье бол өөрийн байр суурь, нэр төрөө эрхэмлэдэг, ухаалаг, хүчирхэг хатан хаан. Гэвч нөхөр Совиешу нь зугтсан боол Раштад сэтгэл алдарснаар түүний амьдрал орвонгоороо эргэнэ. Улмаар хаан салалтыг хүсэх үед Навье:
“Би салах шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Мөн дахин гэрлэх зөвшөөрөл хүсэж байна.”
хэмээн хариулдаг нь бүтээлийн хамгийн онцлох мөчүүдийн нэг юм.
Шин Мин А- аас гадна хаан Совиешуг Жү Жи Хүн, ханхүү Хейнрейг И Жон Сок, Раштагийн дүрийг И Сэ Ён нар бүтээжээ. Ялангуяа гол дүрүүдийн сонголт нь эх зохиолын дүрүүдийг бодитоор амилуулсан мэт харагдаж байгаа нь энэхүү цувралын хамгийн их хүлээлт үүсгэж буй шалтгаануудын нэг болж байна.
Цувралын трейлер цацагдсанаас хойш ердөө дөрөвхөн хоногийн дотор 1.6 сая гаруй үзэлт авч, олон улсын үзэгчдийн сонирхлыг хэдийн татаад эхэлжээ. Дундад зууны Европын хааны ордныг санагдуулам сүрлэг орчин, хайр дурлал, эрх мэдэл, урвалт, дахин эхлэх боломжийн тухай өгүүлэх үйл явдал нь бүтээлийг Солонгосын хувилбарын Bridgerton болох магадлалтай хэмээн хүлээлт үүсгэж байна.
“Дахин гэрлэсэн хатан хаан” цуврал 2026 оны 11 дүгээр сарын 4-нд нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )