Словени улсын Копер хотод 2026 оны есдүгээр сарын 4–5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “World Climbing Series Koper-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн зөвхөн техникийн төрлөөр явагдсан бөгөөд дэлхийн 37 орны 147 тамирчин тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Эмэгтэйчүүдийн техникийн төрөл
Эзэн орон Словени улсын дэлхийн шилдэг тамирчин Janja Garnbret нутагтаа дахин гайхалтай амжилт үзүүлж, Коперын тэмцээний дөрөв дэх дараалсан алтан медалиа хүртлээ. Тэрээр финалд 42+ оноо авч түрүүлсэн бөгөөд энэ нь түүний техникийн төрлийн 33 дахь, олон улсын тэмцээний нийт 51 дэх алтан медаль болсон юм.
Мөнгөн медалийг АНУ-ын Brooke Raboutou, хүрэл медалийг БНСУ-ын Chaehyun Seo хүртжээ. Seo энэ улирлын World Climbing Series-ийн таван тэмцээнд бүгдэд нь медаль хүртсэн амжилтаа үргэлжлүүлсэн байна.

Эрэгтэйчүүдийн техникийн төрөл
Эрэгтэйчүүдийн финалын өрсөлдөөнд Японы Neo Suzuki хамгийн өндөр амжилт үзүүлж, 33+ оноо авснаар алтан медаль хүртлээ. Энэ нь түүний 2026 оны улирлын гурав дахь цувралын тэмцээний түрүү бөгөөд улирлын нийлбэр чансааны тэргүүлэгч байр сууриа улам бататгалаа.
Мөнгөн медалийг Японы Satone Yoshida , хүрэл медалийг Индонезийн Putra Tri Ramadani хүртсэн байна. Индонезийн тамирчны хувьд энэ нь Европ дахь цуврал тэмцээнүүдэд үзүүлсэн дараалсан өндөр амжилтын үргэлжлэл болжээ.

Онцлох үйл явдал
Коперын тэмцээн нь Словени улсад зохион байгуулагдсан World Climbing Series-ийн тав дахь удаагийн тэмцээн байснаараа онцлогтой. Мөн 2026 оны техникийн төрлийн улирлын шийдвэрлэх шатны нэг болж, тамирчдын дэлхийн цувралын чансаанд чухал өөрчлөлт авчирлаа.
Тэмцээний хамгийн том онцлох үйл явдал нь мэдээж нутгийн үзэгчдийн өмнө өрсөлдсөн Janja Garnbret аваргын дөрөв дэх дараалсан Коперын түрүү , харин эрэгтэйчүүдэд Neo Suzuki улирлын гурав дахь алтан медалиа хүртэж , техникийн төрлийн дэлхийн цувралын тэргүүлэгч гэдгээ дахин нотолсон явдал байв.
Эх сурвалж: Sutain Bor Mountaineering Club

Сэтгэгдэл ( 0 )