Азийн наадамд Монголын байт харваачид Рекурв болон Компаунд төрөлд 12 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөж байна.
Тэмцээний тойм мэдээлэл хүргэе.
Тэмцээний эхний өдөр Рекурв төрлийн тамирчид Монгол Улсын эмэгтэй баг, эрэгтэй баг, холимог баг болон эрэгтэй 70 мерт зайн рекордуудыг шинэчлэн тогтоосон.
Эмэгтэй баг: ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ, Спортын мастер О.Энхсаруул нар 3x72 сумны дүнгээр 1918 онож, Монгол Улсын рекордыг шинэчлэв.
Эрэгтэй баг: ОУХМ Б.Отгонболд, ОУХМ Д.Дашнамжил, ОУХМ Б.Буянтүшиг нар урьдчилсан харвааны 3x72 сумны дүнгээр 1995 онож Монгол Улсын рекордыг шинэчлэв.
Холимог баг: ОУХМ Б.Буянтүшиг, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар урьдчилсан харвааны 2x72 сумны дүнгээр 1337 онож 9 жилийн дараа рекорд амжилтыг шинэчлэн тогтоов.
Эрэгтэй хувь: Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Буянтүшиг урьдчилсан харвааны 70*2 зайн 720 онохоос 676 онож, 10 жилийн дараа рекорд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна. Энэхүү амжилт нь Монголын байт харвааны түүхэнд тохиож буй өндөр амжилтын нэгд тооцогдоно.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдрийн тухайд Рекурв төрлийн эрэгтэй баг Өмнөд Солонгосын багтай 4/1 дээр учраа таарч, 3:5 харьцаагаар ялагдал хүлээн, багийн харвалтууд дуусгасан. Өрсөлдөөн ширүүн энэ харвалт манай тамирчдыг шаггүй өрсөлдөгч болохыг харуулсан юм.

Азийн ХХ наадмын байт харвааны тэмцээн аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээнд Азийн 29 улсын 214 байт харваач оролцож, нийт 10 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Харваачдын хувьд Азийн наадам медалийн төлөөх өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй. “Лос-Анжелес-2028” Олимпын наадмын 8 квотын эрх олгох нь тэмцээний бас нэгэн чухал ач холбогдол юм.

Онцлоход, компаунд холимог багийн төрөл “Лос-Анжелес-2028” олимпын хөтөлбөрт анх удаа багтаж, байт харвааны олимпын медалийн төрөл 6 болон нэмэгдэж байгаа.
Өнөөдрөөс харваачдын хувийн өрсөлдөх харвалтууд эхэлнэ.
Гэрэл зургийг: С.Энхжаргал

Сэтгэгдэл ( 0 )