Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо өнгөрсөн бямба гараг /2026.10.17/-т “Сайхан ч юм даа” нэртэйгээр “АСА арена”-д толилуулав.

Эл тоглолтын тасалбар тоглолтоос гурван хоногийн өмнө бүрэн зарагдаж дууссан нь үзэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүссэн байсныг харуулах биз ээ. Тэр ч бүү хэл, тоглолтын тасалбар дамлагдаж, 240 мянган төгрөгийн үнэ хүрсэн аж.

Том уран бүтээлчид

Н.Ундралын "Сайхан ч юм даа" тоглолтыг "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Г.Алтаншагай, "Фантастик" продакшны жүжигчин Ж.Алтаншагай нар хөтөлсөн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тайзнаа хамт гараагүй эрхмүүд хамтдаа гарч уран бүтээлээ хүргэв. Тухайлбал, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Х.Үнэнхүү нар тайзнаа хоршсон юм. Түүнчлэн Ардын жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа Н.Ундралтай хамтарсан “Мөнх тэнгэрийн Монгол” хэмээх шинэ уран бүтээлээ толилуулсан. Мөн тус тоглолтод "Анир" поп оркестр оролцсон бөгөөд тоглолтод "Увертюра" хамтлаг, дуучин Э.Оюумаа, Г.Эрдэнэчимэг, П.Идэржавхлан нарын уран бүтээлчид Н.Ундралтай хамтарсан уран бүтээлээ хүргэсэн.

Том тайз

"Сайхан ч юм даа" тоглолтын эхний онцлох зүйл нь тайз. Эл тайз нь дотор танхимд зохион байгуулагдсан тоглолтууд дундаас хамгийн том тайз зассанаараа онцгой байв. Эл тоглолтыг "333 энтертайнмент"-ийн уран бүтээлчид хариуцан зохион байгуулсан юм. Эл тоглолтын тайзаас гадна хөгжмийн дуугаралт, зохион байгуулалт маш сайн байсан нь жишиг тогтоосон тоглолт болов.

Том ар

Дуучин Н.Ундралын "хамгийн том ар" эл тоглолтын тайзнаа гарсан нь хамгийн том гэнэтийн бэлэг байв. Тодруулбал, гэргий Л.Энхжаргал, охин У.Гэгээ, ихэр хөвгүүд У.Дүүрэн, У.Дүүлэн нар аавынхаа хамт Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатарын шүлэг, С.Алтаннарын аялгуу “Миний гэр бүл, миний аз жаргал” дууг дуулсан.

"Сайхан ч юм даа" тоглолтын гэрэл зургуудаас хүргэе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top