Пара таеквондогийн тамирчид 2 алт, 1 хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
55 минутын өмнө

Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ
(ChampMedia)

Япон Улсын Айчи-Нагоя хотноо зохион байгуулагдаж буй “Айчи-Нагоя 2026” Азийн зуны пара наадамд Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг тамирчид амжилттай оролцож, эх орныхоо төрийн дууллыг хоёр өдөр эгшиглүүлснээр тэмцээнээ өндөрлөлөө. 

Тодруулбал, "Парис-2024" паралимпын аварга, Ханжоугийн Азийн пара наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав (52 кг), Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ (63 кг) нар алтан медаль хүртэж, эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Хаулетийн Тамербек хүрэл медалийн эзэн боллоо. 

Баг тамирчдаа үргэлж дэмжиж, амжилтад хүрэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулж буй багийн ахлагч, Монголын Таеквондогийн Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Л.Цэнгүүнжав, дэд ерөнхийлөгч Л.Түвшинжаргал тэргүүтэй холбооны удирдлагууддаа гүн талархал илэрхийлье.

Мөн “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын паратаеквондогийн тэмцээнийг 2 алтан медаль, 1 хүрэл медальтайгаар өндөрлүүлж буй Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, багийн нийт хамт олондоо халуун баяр хүргэе.

Тамирчдын маань амжилт эх орныхоо нэрийг тивийн тавцанд өндөрт өргөж, Монголын паратаеквондогийн амжилтыг улам бататгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top