Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Ж.Э-г өөрт олгогдоогүй бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, компанийн ажилтнуудыг томилох, чөлөөлөх, ээлжийн амралт болон мөнгөн шагнал олгох, компанийг төлөөлөх, гэрээ байгуулах зэрэг шийдвэрийг эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр гаргасан гэх үйлдэлд холбогдуулан шалгасан байна.
Мөн түүнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн албаны эрх нөлөөг ашиглан компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хууль бусаар хүлээн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгажээ.
Түүнчлэн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд их хэмжээний ашиг олох нөхцөл бүрдүүлсэн, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 210 сая төгрөгийн өртөгтэй худалдан авах гэрээг шууд байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлүүдийг шалгасан байна.
Түүнээс гадна өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд 42.6 сая төгрөгийг хууль бусаар шилжүүлж, төрийн өмчид хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Уг хэргийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг ийнхүү дуусган прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )