Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан Б.Э-д хахууль өгсөн гэх нэр бүхий иргэдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Тодруулбал, иргэн Д.М, Б.А, Ц.Т, П.Б, Д.Б, Б.Н нар өөрсдийн барьсан үл хөдлөх хөрөнгийн хаягийн тодорхойлолтгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах зорилгоор, иргэн О.Н хадам аавынхаа өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх бүртгэл хийлгэхийн тулд хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ.
Мөн иргэн Ж.О нь эцгийнхээ өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарыг бүртгүүлэх, Н.С, Ш.О, Б.А, М.Б нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түргэн хугацаанд гаргуулах, Ч.Б хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах зорилгоор тус тус нийтийн албан тушаалтан Б.Э-д удаа дараа хахууль өгсөн гэх үндэслэлээр шалгуулсан байна.
Урьдчилсан байдлаар дээрх иргэдээс Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан Б.Э-д өгсөн гэх хахуулийн нийт хэмжээ 500 гаруй сая төгрөгөөр тооцогдож байгаа аж.
Тус хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтооно.

Сэтгэгдэл ( 0 )