Бөхчүүдтэй холбоотой сайн муу мэдээлэл хаа сайгүй сонсогдох болж. Бага байхад Монголын үндэсний телевизийн сэтгүүлч Ёлка хөтөлдөг “Агшин” нэвтрүүлгээр анхны даншиг наадамд түрүүлж байсан Бөх-Лам гэгч хүний тухай асуулт асууж байсан нь санаанд тод байна. Бөх-Лам нь анхны даншиг наадамд барилдаж байхад ноёны бөх түүнийг дийлэлгүй шарандаа хорлож байсан гэдэг. Гэсэн хэдий ч монгол эрийн жудагтай зан гарган бөх хүний тэвчээр зааж ноёны бөхийг хаяж анхны даншиг наадамд түрүүлж байсан түүхтэй. Гэтэл одооны хүүхдүүд хүмүүжил муутай болж хэмээн ахмадууд хэлдэг шиг одооны бөхчүүд жудаг муутай болж. Энэ жилийн наадмаар тахимаа өгөлгүй луу унжих, давсан бөхөө нудраад авч байгаа бөх ч харагдаж л байсан. Гэвч энэ бол жижигхээн зүйл болжээ. Аймаг сумын цолтой хэсэг бөхчүүд нийлж амархан мөнгөжих зорилгоор зарим нэг компанийн эздийг дарамталж мөнгө салгадаг байж. Гэтэл энэ явдал хэмжээ хязгаараасаа хэтэрч халхад атмаан хэмээн алдаршсан ах нарын сонорт хүрсэнээр тэвчээр нь барагдаж тэдгээр бөхчүүдийг дахин тийм хэрэг хийхгүй болтол нь хашраасан тухай яригдаж байсан. Бөхчүүдийн жудаггүй үйлдэл үүгээр тогтохгүй. Телевизийн эрэн сурвалжлах нэвтрүүлгээр олны танил нэгэн бөх ан хийх хориотой цагаар нөхдийн хамт Туул голын эрэг дээр гал түлж тарваганы боодог хийж байгаад тэдний дуранд өртөж зураг авсан хүнийг ална хядна хэмээн бөөн хараал зүхэл болж байгаа нь олны нүднээ ил болсон. Гэтэл дуу хуурын өлгий Дундговь аймгаас төрөн гарсан Улсын начин Ц.Улаанхүү Куба улсын хар тамхины мафитай холбогдон Монгол Улсын хилээр хар тамхи зөөвөрлөн зүүн өмнөд Азийн орнуудад гаргах гэж байгаад баригдлаа гэх мэдээлэл чих дэлсэх боллоо. Ингэхдээ нэг граммыг нь 250 доллараар зарах гэж байсныг түүний ойрын хүн хуурай дүү гэгдэх Болдбаатар анх хуулийн байгууллагад мэдүүлсэн аж. Болдбаатар өмнө нь хуулийн байгууллагад ажиллаж байсан, өнөөгийн байдлаар хамгаалалтын алба ажиллуулдаг нэгэн учир Улаанхүү начныг сэжиглэж хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргажээ. Харин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат усын начин Ц.Улаанхүү энэ хэрэгт огт холбогдолгүй хэмээн мэдүүлсээр байгаа аж. Тэрээр хэлэхдээ урьд нь нэгэн найздаа зүдэрч явахад нь тус болсны хариуд найз нь Бангладеш улсад урьж тус улсыг зорьсон нь ийнхүү хар тамхи зуучилсан, зарж борлуулахыг завдсан гэх хэрэгт холбогдох сэжүүр болно гэж төсөөлөөгүй хэмээжээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр улсын начин Ц.Улаанхүү Бангладеш улсад очиж үзээгүйгээ үзэж хар хүүхэнтэй учирч хар тамхи татаж хар ус ууж байгаад ирлээ хэмээн наргиа болгож зарим нэг хүнд ярьсан нь урт хэл хүзүү орооно гэдэг болсон гэж өөрөө мэдүүлжээ. Өнөөгийн байдлаар түүнд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байгаа юм. Нийслэлийн прокурорын газар хавтаст хэргийг хянан шалгаж байгаа бөгөөд хэрэг хянан шалгах хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусгавар болж шүүх хурал хийх юм. Улсын начин Ц.Улаанхүү нь хар тамхи тээвэрлэсэн, зуучилсан, зарж борлуулахыг оролдсон, буруутай эсэхийг нь тогтоосон нөхцөлд Монгол Улсын эрүүгийн хуулийн дагуу 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноох юм.
Б.Анар
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )