Д.Отгондалай маргааш мөнгөн медалийн төлөө тоглоно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

БНСУ-д болж байгаа боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтууд өчигдрөөс эхэллээ. Инчён хотноо болж буй 26 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Д.Отгондалай өчигдөр хүрэл медалийн болзол хангалаа. Тэмцээний дөрөв дэх өдөр тэрээр Киргизстаны боксчин Медер Мамакеевийг 18:16 харьцаатай хожсоноор медалийн үзүүрээс атгажээ. Тэрээр маргааш мөнгөн медалийн төлөө Өмнөд Солонгосын тамирчин И Жин Ёнтой нутгийнх нь дэвжээн дээр тоглох юм. Мөн өнөөдөр У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/ нар шөвгийн найм буюу медалийн төлөө тулалдана. Өчигдөр орой тэмцээний 69 кг-ын жинд Б.Түвшинбат Иракийн тамирчин Зайдон Махомедтай медалийн төлөө тулалдах тов гарсан байлаа. Тэмцээн гурав хоногийн дараа өндөрлөнө. 2009 онд Хятадын Жухай хотноо болсон 25 дахь удаагийн  Азийн аваргаас 48 кг-ын жинд Н.Төгсцогт, 57 кг-д Б.Жавхлан, 60 кг-д З.Энхзориг нар хүрэл медаль хүртэж байлаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top