МУ-ын отгон аварга Сүхбаатарын Мөнхбат аварга цолныхоо мялаалгыг Увс аймгийн Улаангом хотноо 8-р сарын 4-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тэрээр 2009 онд тав давж начин, 2010 онд зургаа давж харцага цол хүртээд байсан бол өнөө жил Ардын хувьсгалын түүхт ойгоор барилдсан 1024 бөхөөс өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж, МУ-ын аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. МУ-ын отгон аваргыг цолны мялаалгын баяр наадамд улс, аймгийн алдар цолтой болон залуу 128 бөх зодоглон барилдсанаас Давст сумын харьяат, аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Ардын хувьсгалын 90 жилээр тав даван начин цол хүртсэн Хяргас сумын харьяат С.Батсуурь үзүүрлэж, өнгөрсөн жилийн Улсын наадмын түрүү Баруунтуруун сумын харьяат, улсын арслан Б.Ганбат, Сагил сумын харьяат, улсын харцага А.Бямбажав нар шөвгийн дөрөвт шалгаран үлджээ. Энэ барилдааны шөвгийн наймд Сагил сумын харьяат, улсын начин Б.Насандэлгэр, Малчин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Гантулга, Тэс сумын харьяат, аймгийн арслан Б.Нэргүй, аймгийн начин Т.Хайдав нар шалгаран үлдсэн байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )