БНСУ-ын Инчон хотноо үргэлжилж байгаа боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 75 кг-д ОУХМ Т.Чулуунтөмөр нар мягмар гарагт медалийн төлөөх тулаанаа хийж тус тусын учраагаа буулган авснаар хүрэл медалийн болзол хангалаа. Өмнө нь Д.Отгондалай /56 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар ялалт байгуулснаар мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болсон. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Ази тивийн 2011 оны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тулаанд Казахстаны тамирчин Алмасбек Алибековыг 18:11 харьцаатай буулган авсан бол Т.Чулуунтөмөр Киргизстаны боксчин Нурсултан Осмоновыг 25:11 харьцаагаар илт давуу ялсан байна. Ийнхүү Монголын дөрвөн тамирчин хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медаль төдийгүй тивийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тулаанууд өнөөдрөөс эхэлнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )